Хөвсгөлчүүд жагсаал хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Хөвсгөлчүүд жагсаал хийжээ

Аймаг сум, дүүргийн ИТХ-ын сонгууль
болоод бараг хоёр сар болох гэж байгаа ч зарим аймгийн Засаг дарга нар
одоо болтол томилогдоогүй байгаа юм. Үүний нэг нь Хөвсгөл аймаг. Тус
аймагт орон нутгийн сонгуулиар МАН-аас Л.Ганболд өрсөлдөж олонхийн
саналаар ялсан байна. ИТХ-ын шийдвэрээр Л.Ганболдыг аймгийн засаг дарга
болгосон ч түүнийг одоо болтол ажилд нь томилохгүй байгаа аж. Учир нь
бүх зүйл ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр очиж гацсан гэж Хөвсгөл аймгийн
МАН-ын дэд дарга Х.Цэнд-Аюуш хэлж байгаа юм. Тус аймгийн засаг даргыг нь
томилох асуудлыг ерөнхий сайд тодорхой шалтгаангүйгээр хойшлуулаад
байгааг нутгийн иргэд сонгогчид эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн байна.
Мөн эсэргүүцэгч нарын гарын үсгийг цуглуулж ерөнхий сайдад хүргүүлэхээр
болжээ. Энэ талаар дэлгэрүүлэн тус аймгийн МАН-ын дэд дарга
Х.Цэнд-Аюуштай  онлайнаар ярилцлаа.

Дашрамд
дурдахад аймгуудын засаг дарга нарын асуудалд хууль бус хандаж байна
гэж үзэн МАН  Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа өнгөрсөн долоо
хоногт мэдэгдсэн билээ.

– Хөвсгөл аймгийн МАН-ынхан
Чингүнжавын талбай дээр цуглаж эсэргүүцлийн жагсаал хийж байгаа гэж
дууллаа. Яагаад цуглаж жагсахаар болов?

– 2012 оны
орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн ИТХ-аас аймгийн
Засаг даргаа хуулийн дагуу сонгож Ерөнхий сайдаар батламжлуулахаар удаа
дараа өргөн барьсан боловч Ерөнхий сайд тодорхой бус шалтгаанаар
батламжлахаас татгалзан нэлээн удсан. Эцэст нь манай аймагт цөөнх болсон
АН-аас Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамж гаргасан юм.
Үүнийг Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчид эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж
холбогдох хүмүүст албан бичгээр ч хандсан. Аймгийн ИТХ хурал дөрвөн
удаа хуралдаж, гурван удаа Засаг даргаа сонгож нэрийг нь явуулсан юм.
Хамгийн гол нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гарсан
шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Үндсэн хуулийн 60.3 дахь заалт болон
Засаг захиргааны нэгжийн тухай хуулийг зөрчөөд байгаад би бухимдаад
байна. Нэгэнт захирамж гарчихсан болохоор түр үүрэг гүйцэтгэгчээр
томилогдсон нөхөр ажлаа авах гээд өдөр болгон аймгийн захиргаанд ирж
шахалт үзүүлж байна.

– Аймгийн Засаг дарга болох гэж
буй Л.Ганболдыг төрийн албанд гурваас дээш ажиллаагүй гэдэг шалтгаанаар
томилохгүй байгаа юм биш үү?

– Тийм зүйл байхгүй.
Тэгээд ч Ерөнхий сайдын гурван удаа буцаасан шалтгаан дотор тийм үг,
өгүүлбэр огт дурдагдаагүй. Хэрэв дурдсан бол бид өөр хүний нэрийг
дэвшүүлэх хангалттай хугацаа байлаа.

– Ерөнхий сайдын гурван удаа буцаасан шалтгаан дотор яг юу гэж бичсэн байна?

– Яахав манай ИТХ-ын шийдвэрийг буруу гэж буцаасан. Тиймээс үүрэг
гүйцэтгэгч тавина гэсэн. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж
байна. Тиймээс бид Ерөнхий сайдын захирамжийг нийслэлийн шүүхэд өгсөн
байгаа. Шүүх бол хурал зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага шүү дээ.

– Цуглаанд нийтдээ хэдэн хүн оролцож байна вэ?

– Хамгийн гол нь иргэдийн сонголтыг хамгаалж тэдний хүсэлтээр цуглаан
зохион байгуулсан. Өнгөрсөн дөрөв дэх өдөр аймгийн Засаг даргын тамгын
газрын байранд 100 хүн цуглаж хуулиа дээдлэх талаар уриа лоозон барьж
жагссан. Энэ үед үүрэг гүйцэтгэгч болох гээд байгаа АН-ын
Д.Амарбаясгалан ажлаа авах гэж орж ирэхэд нь иргэд эсэргүүцэж гаргасан.
Тэр тэмцлээ өнөөдөр үргэлжлүүлж Мөрөн сумын Чингүнжавын талбай дээр 800
гаруй иргэнийг хамарсан цуглаан боллоо. Энэхүү цуглаанд иргэд чөлөөтэй
оролцож өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлж байна. Цуглаанаас Ерөнхий сайдад
шаардлага хүргүүлэхээр болж бүгд гарын үсгээ зурсан. Өнөөдрийн онгоцоор
хүргүүлнэ.

– Л.Ганболд Хөвсгөл аймагт МАН-аас төлөөлөн гарч байгаа хэд дэх Засаг дарга вэ?

– Манай аймагт 1992 оноос хойш орон нутгийн сонгуульд АН, МАН ээлжилж
дөрөв дөрвөн жилээр засаг барьж байгаа юм. 1992 онд МАН, 1996 онд АН,
2000 онд МАН, 2004 онд АН, 2008 оноос хойш МАН ялж байна. Энэ онд АН
засаг барих байсан боловч иргэд МАН-д итгэл үзүүлсэн. Энэ бол 20 жилийн
түүхэнд болсон түүхэн сонголт гэж бид үзэж байгаа. Иргэд ерөнхий сайдыг
гаргасан шийдвэрээ эргэн харж  хөвсгөлчүүдийн сонголтыг хүндэтгэнэ
гэдэгт итгэж байна. Хэрэв үгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт
шилжинэ.

– Хөвсгөл аймаг цас зудтай байгаа. Одоо
нөхцөл байдал ямар байна вэ? Дотроо талцаад байлгүй тулгамдаад байгаа
ажлаа хийвэл яасан юм бэ?

– Өнөөдрийн байдлаар манай
аймгийн 18 суманд зудын байдалтай байна. Гэтэл ажил хийж байх хайран
цагаа улс төрийн тэмцэл хийж өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Орон
нутгийн сонгууль болоод 55 хонож байхад орон нутгийн удирдлагыг
томилоогүй байгаад харамсаж байна. Олонхи, цөөнхийн зарчим гэж байдаг
бол бүх зүйл л тодорхой байгаа юм. Иргэд сонгуульд оролцож саналаа өгөх
хэрэггүй болжээ. Бидний сонголт үнэгүйдсэн байна. Ер нь миний бодлоор
Монгол улс дахь улс төрийн гол хоёр нам ялж, ялагдаж сурах хэрэгтэй
байна.

– ИТХ хуулийн дагуу алдаа мадаггүй явагдсан гэдэгт та итгэлтэй байна уу?

– Тиймээ бид хуулийн дагуу хурлаа явуулсан. Ерөнхий сайд улс төрийн
соёлоо бодсон ч, хувь хүний ёс зүйгээ бодсон ч, төрийн хүний ноён
нуруугаа бодсон ч хуулийн хүрээнд шийдвэр гаргах байх аа. Ийм байдлаар
иргэдийг улс төржүүлээд байвал цаашдаа бидний хүндэтгэдэг ардчилалын
үнэт зүйл үгүй болно. Монгол улсад хууль хэрхэн үйлчилж байгааг энэ үйл
явдлаас харах л үлдлээ. Хууль нь иргэнээ хамгаалдаг нөхцөлд иргэд
хуулийг дагаж мөрддөг болно гэж би бодож байна.

– Ер нь Хөвсгөл аймаг хэр хөгжиж байна вэ?

– Сүүлийн дөрвөн жилд манай нам засгийн эрхэнд гараад хөрөнгө оруулалт
бүтээн байгуулалтын ажил их хийсэн. Бид ярихаас илүү иргэд дүн тавьсан
гэж бодож байна. Бас ойрын дөрвөн жилд ирээгүй байж байгаад ирсэн хүнээс
асуувал илүү хэлэх байх аа.

– Орон нутгийн сонгуульд МАН хэдэн хүний суудлаар ялсан бэ?

– Аймгийн 41 мандатаас МАН 23, АН 18 суудал авсан. Манай аймгийн
ардчилсан намынхан ч гэсэн улс төрийн хувьд төлөвших хэрэгтэй байх аа.
Заавал эрх мэдэл албан тушаалын төлөө явуургүй аргаар зүтгээд байх
шаардлагагүй гэж бодож байна. Үүрэг гүйцэтгэгчээр томилогдох гээд байгаа
хүн манай аймгийн хуралд гараагүй. Хуралд орж Засаг даргад нэр нь
дэвшээгүй гэж бодохоор арай л болохгүй санагдах юм. Сая орон нутгийн
сонгуулиар гэнэт гарч ирж АН-ын сонгуулийн менежер хийсэн. Би ойлгохдоо
хариуцсан ажлаа муу хийсэн хүн гэж бодож байна. Тэгсэн мөртлөө заавал
албан тушаал авах гээд зүтгээд байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Т.ХУЛАН
Эх сурвалж: www.24tsag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж