Katya-Zol Нью-Йоркийн тайзнаа гарна

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Katya-Zol Нью-Йоркийн тайзнаа гарна

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 15-18-д болох олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “International Couture fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа Katya-Zol брэндийг танилцуулахаар болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Нью-Йоркийн загварын долоо хонот Соёл, спорт аялал, жуулчлалын яам /ССАЖ/-ны дэмжлэгтэйгээр дизайнер Г.Золцэцэг, стилист Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд , загвар өмсөгч А.Сарнай болон “Матрикс” салон, UBS телевиз, Студи-3-ийн  зэрэг мэргэжлийн баг  бүрэлдэхүүн очиж оролцох юм байна. 

Улс улсын загвар зохион бүтээгчид өөрсдийн хийсэн уран бүтээлийн танилцуулгыг илгээснээр   тус fashion week-д оролцох эрх авдаг. Тэгвэл энэ удаад Монголоос Katya-Zol брэндийн хамт олны уран бүтээлүүд  шалгуурт тэнцэж  International Couture fashion week-д оролцох урилгыг хүлээн авжээ.

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг уг загварын долоо хоногт  өөрийн загваруудаасаа сорчилж Монгол төрхийг илтгэсэн эрхэмсэг, хээнцэр, эмэгтэйлэг загваруудаа нарйин ур хийцтэй арьсан  чимэг зүүлттэй хослуулан танилцуулах аж.

Тус багийнхан Монголын загварын чиг хандлагыг дэлхийн тавцанд танилцуулахаас гадна, Монголын хувцас загвар, үс засалт, нүүр хувиргалт, мэргэжлийн зураг авалтын хувьд  дэлхийд мөр зэрэгцэн явааг харуулах, мөн мэргэжлийн төвшинд туршлага хуримтлуулах  зорилготой байгаа аж. 

М.НАРАНГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж