“Уул уурхайн хөгжил” түр хороотой боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

“Уул уурхайн хөгжил” түр хороотой боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи чуулганы хуралдааны хэлэлцэх эхний асуудал нь “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төсөл юм.

Энэхүү тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны анхны хэлэлцүүлэгийн үеэр байнгын хорооны гишүүд хэд хэдэн санал дэвшүүлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хэрэв энэ хороог байгуулвал цаашид өөр олон түр хороо байгуулагдах эхлэл тавигдаж магадгүй” гэсэн саналыг анхааралдаа авахыг хүссэн. Мөн түр хорооны гишүүдийн асуудлыг тодорхой болгохыг анхааруулсан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг тус байнгын хорооны гишүүд Д.Батцогтод танилцуулсан. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-аас “Уул уурхайн хөгжил” түр хороог байгуулах төслийг анхны хэлэлцүүлгээр батлахаар санал хурааж гишүүдийн 66,7 хувь нь дэмжиж, “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг батлахаар санал хурааж 70,2 хувийн саналаар баталлаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж