“Шударга ёс” эвслээс мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслээс мэдэгдэл гаргалаа

УИХ дахь “Шударга ёс” эсвлийн бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргаж байгаа талаараа мэдээлсэн юм. Хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга Л.Цог, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү, Д.Батцогт нар оролцлоо.

“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн хурал хаалттай болсон ч хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийсэн. Монгол Улсын Засгийн газраас санаачлан хувь нийлүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулж байгаад сайшаалтай. Гэхдээ Засгийн газар бидний ярьж, хэлж, тэмцэж байсан зүйлээс өөр зүйл ярьж байна. Наанаа бидний талд гэрээг ярьж байгаа ч цаана нь өөр санаа байна гэж бид нар үзэж байна гэж гишүүд онцоллоо.

“Шударга ёс” эвслээс гаргасан мэдэгдэлд

“2009 оны аравдугаар сарын 6-нд С.Баяр тэргүүтэй тухайн үеийн  МАН-АН-ийн Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчтай Оюу Толгойн ордыг ашиглах тухай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь шударга бус гэрээ болохыг 2013 оны хоёрдугаар сарын 1-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар үндсэнд нь нотолсныг онцлон тэмдэглэж байна.

Гэрээг сайжруулах чиглэлийн дагуу Засгийн газраас томилсон ажлын хэсэг хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй хийсэн уулзалтынхаа үр дүнг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр олон нийтэд мэдээллээ. Уул уурхайн сайдын мэдээллээс үзвэл, батлагдсан ТЭЗҮ-ээр анхны хөрөнгө оруулалт нь 5,1 тэрбум доллар, нийт хөрөнгө оруулалт нь 14 тэрбум гаруй ам.доллар болох тухай мэдээлж, үүнийг Монголын тал үндсэндээ зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан бид дараах мэдэгдлийг хийж байна.

  1. Оюутолгойн ордын нийт нөөц баялагийн тоо хэмжээний тухай огт мэдээлсэнгүй. 2009 оны долдугаар сард Монголын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан Оюутолгойн ордын нийт нөөц баялаг нь 45 сая тонн зэс, 1800 тн алтаар тогтоогдсон билээ. Гэтэл хөрөнгө оруулагчийн зүгээс 2010 онд хийсэн тооцоогоор түүнээс  4 дахин бага зэс, 3 дахин бага алт авахаар тооцоолж байгаа нь үндэслэл багатай юм.
  2. Оюутолгойн ордыг ашиглах ТЭЗҮ одоо хүртэл эцэслэн батлагдаагүй байна. 2007 онд хийсэн ТЭЗҮ-ээр үйлдвэрлэлийн анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум доллар байв.. Гэтэл  Монголын засгийн газар энэ  хөрөнгө оруулалтыг 2 дахин ихэсгэсэн байр суурийг хүлээн зөвшөөрч байгаа нь Монголын эрх ашигтай  нийцэхгүй байна гэж бид үзэж байна. 
  3. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн тухайн үеийн Монголын засгийн газрын 3 гишүүн, одоо Монголын талыг “Оюутолгой” компанид төлөөлж байгаа ТУЗ-ийн 3 гишүүн УИХ-д мэдээлэл, тайлан хийх шаардлагатай гэж үзэж байна.
  4. Энэ гэрээг өөрчлөх, сайжруулах тухай гэрээ хэлэлцээрийг хийхдээ, бүх талаас сайтар хэлэлцсэн, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан удирдамж, чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, сайжруулах асуудлаар Засгийн газрын илэрхийлж байгаа байр суурь Монголын эрх ашгийг бүрнээ илэрхийлж чадахгүй байна гэж УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Мөн УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан ч гэсэн эвслийн бүлэг энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэлээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж