Хөвсгөл далайг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Хөвсгөл далайг цэвэрлэнэ

Монгол орны цэвэр усны нөөцийн 65 хувийг агуулдаг Хөвсгөл далайг цэвэрлэхээр болсон тухай Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол гарсан байна. Энэхүү тогтоолыг танилцуулах, иргэдийг дэмжихийг уриалсан хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Хөвсгөл аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа тэргүүтэй хүмүүс оролцсон юм.

Хөвсгөл нуур нь Ази тивийн цэнгэг уст нууруудаас усны эзэлхүүнээрээ хоёрт бичигддэг бөгөөд Монгол орны цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 0,4 хувийг эзэлдэг юм байна. 96 гол горхи цутгадаг Хөвсгөл нуур 500 жилийн давтамжтайгаар нэг удаа усаа цэвэршүүлдэг, эмзэг тогтоцтой гэж үздэг аж.

Гэтэл өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд Хөвсгөл далайд 40 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь гол нуурын усыг хамгийн ихээр бохирдуулдаг бензин, шатахуун тээвэрлэж явсан байдаг аж.

2002 оноос өмнө Хөвсгөл нуурын усанд живсэн тээврийн хэрэгслийг судлахад 1979, 1996 онд арав орчим тонн шатахуун ачсан хоёр машин осолдсон бол 2007 онд Ханх суман дахь зогсоол дээрээ живсэн “Дюбовский” хөлөг онгоцны хөдөлгүүр дэх бензин мөн Хөвсгөл далайн усанд шингэжээ. Тэгэхээр хамгийн багаар бодоход арав гаруй мянган литр бензинээр 381 шоо км эзэлхүүнтэй нуурынхаа усыг бохирдуулаад байгаа гэнэ. Энэ үзүүлэлтээр нь авч үзвэл Хөвсгөл далай үлэмж ихээр бохирдсон аж.

Харин өнгөрсөн жилээс Хөвсгөл нуурын хэвлийд живсэн тээврийн хэрэгслүүдийг татаж гарган цэвэрлэх “Хөвсгөл далай- хөх нэгдэл” хөдөлгөөнийг өрнүүлсэн нь ийнхүү өгөөжөө өгч буйг хэвлэлийн бага хуралд оролцогсод онцоллоо. Одоогийн байдлаар Хөвсгөл нуурт живсэн 15 автомашин, нэг усан онгоцны байршлыг тогтоогоод байгаа аж. Иймээс Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэх мэргэжлийн баг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж өгөхөөр болсон гэнэ. Эхний ээлжинд Хөвсгөл нуурт буй живсэн тээврийн хэрэгслүүдийг эрж олоход зориулан 100 сая төгрөгийг төсөвлөх аж.

Мөн Хөвсгөл нуурыг цэвэрлэсний дараа дэлхийн өв санд бүртгүүлэх, хамгаалахад нь төрөөс жил бүр дэмжлэг өгөх төсөл боловсруулж байгаа юм. Дэлхийн олон улсууд цэнгэг уст нуур, гол горхио хамгаалсан төрийн бодлого баримталж, санхүүгээр дэмжлэг үзүүлдэг байна. Тухайлбал, ОХУ гэхэд Байгаль нуураа хамгаалахын тулд жилдээ 20 сая долларыг зарцуулдаг аж.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж