Японы загварын шоунд монгол дизайнер оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Японы загварын шоунд монгол дизайнер оролцоно

Японд болох "Mercedes Benz Fashion Tokyo" загварын долоо хоногийн үзүүлбэрт монгол дизайнер С.Ариунаагийн бүтээл оролцож, монголын загварын салбарыг олон улсад танилцуулахаар болжээ.

 Дизайнер С.Ариунаагийн “ARIUNAA SURI” брэнд дэлхийн энэхүү топ загварын долоо хоногт оролцохоор шалгарсан бөгөөд 2013, 2014 оны намар, өвлийн 170 гаруй загвараа энэхүү загварын долоо хоногийн үеэр танилцуулах юм.

Энэхүү бүтээлүүдийг нь манай улсын таван загварын агентлагаас шалгарсан найман шилдэг загвар өмсөгч ирэх гуравдугаар сарын 17-23-ны хооронд болох "Mercedes Benz Fashion Tokyo” үзүүлбэрийн үеэр өмсөх юм.

“ARIUNAA SURI” брэнд нь байгальд ээлтэй, загварын стандартыг хангасан Монголын дизайнерын бүтээлийг олон улсын зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар таниулан, дотоодын загварын ертөнцөд хувь нэмрээ оруулах зорилготой аж.

Дэлхийн топ таван загварын долоон хоногт тооцогддог энэхүү шоунд Японы шилдэг 50 орчим загвар зохион бүтээгч, дэлхийн алдартай худалдааны төлөөлөгчид, дэлгүүрийн эзэд, урлаг соёлын одод, бизнесменүүдээс гадна Монгол улсаас уригдах төлөөлөгчид оролцох юм.

Б.ОЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж