Төрийн “нарийнууд”-ын сонгон шалгаруулалтын дүн юу болов?

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Төрийн “нарийнууд”-ын сонгон шалгаруулалтын дүн юу болов?

Аливаа яаманд чухал үүрэг гүйцэтгэх учиртай Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны асуудал багагүй маргаан дагуулсаны эцэст шийдэгдэж, түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа. Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу Төрийн “нарийнууд” өнгөрсөн хоёрдугаар сарын 21, 25, 26- ны өдрүүдэд сонгон шалгаруулалтанд орсон ч өнөөг хүртэл тэдний шалгалтын дүн эцэслэн гараагүй байсаар л байна. Өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтныг томилох эрх бүхий байгууллага нь  саналаа ирүүлдэг, мөн төрийн албанд ажилласан жил нь харилцан адилгүй байдаг байсан бол энэ жил төрийн албанд 5 жил ажилласан байх ерөнхий шаардлагыг тавжээ.  Тиймээс яам бүрт өөрсдийн шалгуур тавьжээ. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Хүн амын хөгжлийн яам, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох иргэнд магистр болон түүнээс дээш зэрэгтэй, эрх зүйч болон эдийн засагч мэргэжилтэй, төрийн албанд 5-аас дээш жил ажилласан, удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай, хэлний мэдлэгтэй, ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн шалгуур тавьсан байх юм. Энэ мэтээр Төрийн нарийнуудын сонгон шалгаруулалтын шаардлага үлгэр мэт хөвөрнө. Өө хайсан хүнд бол бараг тэр хүндээ зориулаад тавьчихсан гэмээр тус шалгуурт тэнцэх хүн илүү ч үгүй, дутуу ч үгүй ганц нэгхэн хүнээр хэмжигдэж байгаа нь ч нууц биш.

Гэвч хоёрдугаар сарын 21, 25, 26- ны өдрүүдэд явагдсан сонгон шалгаруулалтын дүн хэдийнэ тодорхой болж, гадуур дотуур шивэр авир хийж эхэлсэн ч Төрийн албаны зөвлөлөөс шалгаруулалтын дүнг зарлахын оронд амандаа ус балгасан мэт буруу харж суугаад бухимдах олон байна. Чадваргүй, чадалгүй, дээр нь харилцааны доголдолтой Төрийн “нарийнууд”-ын балгаар Шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын нэр хүнд газартай шороо манарган унаж байгааг төр засгийн удирдлагуудад хошуу нэмэрлэхэд ийм байна.

Эцэст нь өгүүлэхэд арлын Японд гэхэд яамны төрийн нарийнуудыг сонгохын тулд манайх шиг улс төрийн нөхцөл байдлаас хамаарч бус харин ч мэдлэг чадварыг нь үндэслэн маш өндөр шалгуураар сонгон шалгаруулалт явуулдаг гэсэн. Тодруулбал, тухайн салбартаа таваас доошгүй жил ажилласан бол тухайн яамны хэлтсийн, салбартаа найм, яамандаа таван жил ажилласан бол газрын, харин яамандаа арваас дээш жил ажилласан бол стратеги хариуцсан дарга болдог бол 12-оос дээш жил ажилласан тохиолдолд төрийн нарийн бичгийн дарга болдог журам үйлчилдэг ажээ.  Ингэхдээ нэг салбарт дор хаяж гурван боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд сонгон шалгаруулт явуулснаар аль чадвартайг нь томилдог юм байна. Мөн 60-аас дээш настай хүнийг “бензин” нь дууссан гэж үздэг учраас төрийн нарийн болгох сонирхол байдаггүй тухай ном хэвлэлд бичсэн байна билээ.

Тиймээс сүүлийн хэдэн сарын турш үргэлжлүүлсэн танил талдаа тал зассан томилгоонуудын дуулианаар жавтий хүртээд буй эрх баригчид энэ удаад шалгалтанд тэнцээгүй Төрийн “нарийнууд”-ынхаа асуудлыг даруй шийдэж, яамны ч тэр, төрийн ч тэр ажлыг гацаалгүй явуулах дээрээ анхаарахгүй бол цаад Төрийн албаны зөвлөлийнхөн шалгаруулалтын дүнгээ нууцлаад төрийн ажлыг гацаасаар байх нь шүү.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж