Монгол, Лаосын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Монгол, Лаосын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос хөлбөмбөгийн хөгжил сул орнуудын дунд зохиодог “AFC Challenge Cup 2014” тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцох Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн сарын 20-нд Лаос улсыг зорьсон. "Сhallenge Cup"-ийн урьдчилсан хэсгийн С хэсэгт Монголын хөлбөмбөгийн шигшээ баг талбайн эзэн Лаос болон Шри-Ланка, Афганистаны багтай оноолт таарсан. Манай шигшээ баг өнөөдөр Вьентьян хотын Шинэ Лао үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Лаосын багтай тоглож, 1:1-ийн харьцаагаар тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхний үеийн 33 дахь минутад Лаосын баг эхний гоолыг оруулсан бол нэгдүгээр үеийн нэмэлт цагт манай шигшээ багийн хагас хамгаалагч Н.Цэдэнбалын дамжуулсан бөмбөгийг довтлогч Ц.Түмэнжаргал гоол хийснээр тоглолтын харьцааг 1:1 болгож, хоёрдугаар үед оноо авч чадалгүй тэмцээн өндөрлөлөө. Тоглолтыг http://aseaniptv.com/laotv сувгаар шууд дамжуулан үзүүллээ.

Тус тоглолтод оролцохын өмнө манай шигшээ баг эзэн орны лигийн хоёр багтай нөхөрсөг тоглолт хийж 0:1, 2:3-ийн харьцаагаар ялагджээ.

Манай хөлбөмбөгийн шигшээ гуравдугаар сарын 4-нд Афганистан, гуравдугаар сарын 6-нд Шри Ланк улсын багуудтай өрсөлдөх юм. Афганистаны баг эхний хожлоо авснаар хэсгээ тэргүүлж байгаа аж.

Хэсгээ тэргүүлсэн баг болон хэсгийн хоёрдугаар байраар хамгийн өндөр үзүүлэлттэй шалгарсан хоёр баг дараагийн шатанд шалгарч, улмаар шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно.  


“AFC Challenge Cup 2014” тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:


Хаалгач:
Ю.Сайнхүү /Сэлэнгэ Пресс/, Б.Ариунболд /Эрчим/, Б.Батсуурь /МУБИС/

Хамгаалагч:
Д.Лүмбэнгарав /УБИС/, Ц.Энхжаргал /Эрчим/, Г.Билгүүн /Эрчим/, Э.Мөнх-Эрдэнэ /ФС Улаанбаатар/, Б.Эрхэмбаяр /Эрчим/, Ц.Дарамбаяр /Хоромхон/, Б.Гарьдмагнай /Эрчим/

Хагас хамгаалагч:
Н.Цэдэнбал /УБИС/, П.Алтантулга /УБИС/, О.Баяржаргал /ФС Улаанбаатар/, А.Чинзориг /ФС Улаанбаатар/, Х.Цэнд-Аюуш /Хоромхон/, Ц.Мөнх-Эрдэнэ /Хүлгүүд/, М.Төгөлдөр /Эрчим/

Довтлогч: Ц.Түмэнжаргал /УБИС/, Г.Төгсбаяр /Сэлэнгэ Пресс/, Б.Төгсбилэг /Хаан Хүнс Титэм/

Багийн ахлах дасгалжуулагч:
С.Эрдэнэбат, Шигшээ багийн менежер М.Амарбаясгалан, хаалгачийн дасгалжуулагч Ш.Баянжаргал

"Challenge Cup" тэмцээний урьдчилсан хэсгүүдийг толилуулбал.

А хэсэг:
Мьянмар, Энэтхэг, Тайвань, Гуам
В хэсэг: Киргизстан, Тажикстан, Пакистан, Макао
С хэсэг: Лаос, Афганистан, Шри-Ланка, Монгол
D хэсэг: Непал, Палестин, Бангладеш, Хойд Мариани
E хэсэг: Филиппин, Туркменистан, Камбож, Бруней

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж