СӨХ-ны дээд зөвлөлийг энэ сарын 11-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

СӨХ-ны дээд зөвлөлийг энэ сарын 11-нд шүүнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоонд шалгалт явуулахад олон тооны зөрчил илэрсэн. Иймээс энэ сарын 11-нд ЧД-ийн шүүх СӨХ-ны дээд зөвлөлд нэхэмжлэлтэй хэргийг шүүх гэж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 400 гаруй иргэнээс сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар гомдол ирүүлжээ. Ирсэн гомдол санал дээр тулгуурлаж ШӨХТГ 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоог хамруулан шалгалт явуулсан байна.

Сууц өмчлөгчдөөс халаалт дулаан, халуун ус тасалддаг, СӨХ айл өрхүүдээс авсан мөнгөөрөө тодорхой ажлууд хийдэггүй, зарцуулалтыг нь тайлагнадаггүй, илүү мөнгө авдаг, захирал нь ажлаа хийдэггүй, цэвэрлэгээ муу хийдэг гээд 400 гаруй иргэний гомдол ШӨХТГ-т иржээ. Гомдлын дагуу ШӨХТГ шалгалт явуулахад дээрх зөрчлүүд тодорхой болж илэрсэн байна. Иймээс СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг ШӨХТГ-ын улсын байцаагч нар тавьж, мөн эрүүгийн шинжтэй буюу оршин суугчдын мөнгийг хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр шалгуулж байна. Түүнчлэн СӨХ-ны дээд зөвлөлөөс 500 сая төгрөг нэхэмжилж, СӨХолбоодуудад буцаан олгох асуудлыг шүүхэд тавиад байгаа юм.

Энэ талаар ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас  тодруулахад, “СӨХ-ны хувьд сүүлийн 15 жилийн хугацаанд олон зүйл хийгдсэн, асуудлын гол нь СӨХ орон сууцны метр квадратыг 80 төгрөгөөр тооцож, хураамж авч байгаа ч томоохон хэмжээний засвар үйлчилгээ хийж чадахгүй байгааг СӨХ-ны төлөөллүүд хэлдэг. Мөн СӨХ-ны төлөөлөгч нарын нэр хүнд нь унаж байгаа асуудалд хувийн компаниуд орон сууц олноор барьж, хувиараа СӨХ байгуулан, метр квадратынхаа үнийг 300-400 төгрөгөөр тооцож айл өрхүүдээс хураамж авдаг ч үйлчилгээ муу үзүүлдэгээс болж байна хэмээн тайлбарладаг. Гэхдээ одоогоор СӨХ-ны дээд зөвлөлөөс энэ талаар ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна. СӨХ-ны дээд зөвлөл 300 гаруй СӨХ-оос бүрдэг учир татан буулгах эрх нь зөвхөн СӨХ-дын нэгдсэн шийдвэр байдаг” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж