Өрсөлдөх чадвар дорой, бизнесийн орчин таагүйг онцлов

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Өрсөлдөх чадвар дорой, бизнесийн орчин таагүйг онцлов

Монгол Улсын нэрийг олон улсад гаргаж, хүмүүсийн анхаарлыг татдаг брэнд бол үндэсний язгуур урлаг хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ дурдав. Өнгөрсөн удаагийн эдийн засгийн чуулга уулзалтууд олон талт асуудалд анхаардаг байсан бол энэ удаад тодорхой нэг чиглэлд анхаарч буйгаараа онцлог боллоо.

Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьтай гарсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар таван хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 144 орноос 93 дугаар байрт жагссан. Харин дэлхийн банкнаас гаргасан бизнес эрхлэх орчны судалгаагаар 183 орноос 88 дугаарт яваа аж. Үүгээр ч зогсохгүй манай улсын хөгжил, эдийн засгийн тогтолцоог адил төстэй 15 оронтой харьцуулахад гурван жил дараалан адагт нь байсаар байгааг эдийн засагчид дүгнэсэн байна. Харин төрийн тэргүүн энэ арчаагүй байдлыг үгүйсгээгүй юм. Тэрбээр энэ удаагийн чуулга уулзалтад олзуурхууштай зүйл нь тодорхой асуудалд чиглэсэнд хэмээн дүгнэсэн. Мөн монгол брэндийн тухай ярихдаа ямар боломж байгааг олж харах хэрэгтэйг зөвлөв. Харин эцсийн дүндээ уг боломжоо ажил хэрэг, бизнес болгохын тулд бодлогоо зөв тодорхойлох шаардлагатайг чуулганы индэр дээрээс ширүүхэн хэлсэн юм. Харин өрсөлдөх чадварын хувьд чөдөр болж байгаа зүйл нь улс төрийн орчин хэмээсэн.

Тэгвэл эдийн засагч Ж.Жаргалсайхан чуулганаар салбар бүрийн төлөөлөл уулзаж, өөр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэн, хэн юу хэлснийг сайтар дүгнэх, гол санаанд нь юуг тусгаж, хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлого тодорхойлох зорилтот уулзалт гэв. Харин дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгох боломж бодитой ажил болж чадах эсэхийг тодруулахад, боломж байгааг хэлж, өрсөлдөх чавдартай байх ёстойг эрхэм болгох нь зүйтэйг онцлон хэлсэн юм.

Эдийн засгийн чуулганд гадаадын төлөөлөгчид ирснээс Голландын Ерөнхий сайд асан Вим Кок чухал байр суурьтай байлаа. Тэрбээр “Голланд өвчин” буюу уул уурхайн салбараас үүдэлтэй хямралын эсрэг хэрхэн сөрсөн тухайгаа чуулганы үеэр танилцуулсан юм. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн тодорхой хэсгийг төрийн бодлогоор хамгаалан тогтворжуулсан байна. Ингэхдээ эдийн засгийн өсөлтөд нийгмийн асуудлыг хамт шийдвэрлэх бодлогыг Европын орнуудад туршин хэрэгжүүлж, үр дүнд нь манай улсад дутагдаад буй өрсөлдөх чадвараа дээшлүүлж чаджээ. Тус улсын хувьд байгалийн баялаг хомс хэдий ч эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, дэлхий нийтэд үлгэр дууриалал болж яваа. 1980-аад оны өрсөлдөх чадвар султай орнуудтай харьцуулахад Голланд нь тэднээс доогуур үзүүлэлттэй байсан. Гэвч өнөө цагт оёдол, усан онгоц үйлдвэрлэл зэрэг үнэ ханш өндөртэй салбарт тэд чухал байр суурь эзэлж байна. Бас нэгэн туршлага гэвэл төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь амжилтын үндэс гэдгийг тэрбээр хэлсэн. Яг энэ тухай эдийн засгийн чуулганы эхний өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Олон салбарын төлөөллийг оролцуулж, олуулаа хэлэлцэж байж асуудлын шийдэл нь зөв гарна” хэмээн хэлсэн юм.

Чуулганы хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг манай улсын бизнесийн орчинг хөгжүүлэхэд дорвитой арга хэмжээ хэрэгжүүлж буйгаа тайлагнасан. Ингэхдээ барилгын зөвшөөрөл авахад шаардагдах бичиг баримтын тоог багасгасан зэргийг дурдсан. Харин түүний танилцуулсан бизнесийн таатай орчин Монголын хөрсөнд бууж эхэлсэн гэх мэдээллийг эдийн засагч Н.Дашзэвэг няцаав. Тэрбээр Монголын бизнесийн орчин муу байгаа. Илрэл нь арилжааны банкнуудаас олгож байгаа зээлийн хүүтэй холбоотой гэв. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн өндөр хүүнээс улбаатай бизнес эрхлэх боломж нь хаагдмал байдгийг ч онцолсон. Яг энэ сэдвийн хүрээнд “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Гадаадын улс оронд үйлдвэрлэгчиддээ үйл ажиллагаагаа явуулах эргэлтийн хөрөнгө олгодог. Гэхдээ хүүгүйгээр 100 хувь” хэмээж байсныг энд хавсарган оруулъя. Эдийн засагч Н.Дашзэвэгийн үзэж буйгаар жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авч, ажлын байр бий болгох чиглэлээр бизнес эхлүүлэх зориг зүрх­тэй хүн олдох нь ховор. Гэсэн ч аргагүйн эрхэнд өндөр хүүтэй зээлийг авдаг. Гэтэл үүнээс гарах сөрөг үр дагавар нь эргээд зээлийн хүүгээ төлөхийн тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртөг өндөр үнээр худалдаалахаас өөр аргагүй болдог гэнэ. Тэгэхээр Ч.Сайханбилэг даргын хэлсэнчлэн бизнесийн таатай орчин бүрдэх нөхцөл байхгүй бөгөөд Засгийн газар энэ талаар ямар ч ажил хийхгүй байгаа хэмээх шүүмжлэлийг тэдэнд илгээсэн юм. Харин энэ асуудалд төрийн тэргүүн бизнесийн орчныг бүрдүүлэхийн төлөө өрсөлдөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэйг хэлж байсан. Тэгэхээр өрсөлдөх чадвар, бизнесийн орчин хоёр хоорондоо уялдаа холбоотой бөгөөд аль нэгнийг нь орхилгүй тэнцүү хөгжүүлэх хэрэгтэй болж байна.

О.МӨРӨН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж