Дипломат корпусын эмэгтэйчүүд ХБК-д зочиллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

Дипломат корпусын эмэгтэйчүүд ХБК-д зочиллоо

Монгол улсын Гадаад харилцааны сайдын гэргий О.Нямцэцэг өнөөдөр удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Улаанбаатар дахь дипломат корпусын эмэгтэйчүүдэд зориулан уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалт монголын урлагийн эх уурхай болсон Хөгжим бүжгийн коллеж дээр болсон бөгөөд зочид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан оюутнуудын бэлтгэсэн концертыг тухлан сонирхсон юм. Уг арга хэмжээг зохион байгуулсан  Монгол улсын Гадаад харилцааны сайдын гэргий О.Нямцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн арга хэмжээний онцлог? Яагаад заавал Хөгжим бүжгийн коллежийг сонгох болсон бэ?

-Монголын соёл урлаг бол гадаад харилцаатай маш чухал холбоотой байдаг. Яагаад гэвэл монголын шинэ үеийн хүүхдүүд дэлхийн урлагаар хичээллэж, сурч, дэлхийн урлагтай хөл нийлэн алхаж байгаа. Иймээс тэдгээр авьяаслаг хүүхдүүдийг дэмжихийн тулд Монголд суугаа Элчин сайдуудын гэргий, эмэгтэй дипломатч нарт танилцуулах, мөн монголын соёлын түвшин ямар хэмжээнд явна, сургалт яаж явагдаж байгааг орчинд нь ирж өөрийн биеэр үзнэ гээд Олон улсын хэмжээнд таниулах зорилготойгоор энэ үйл ажиллагааг өнөөдөр Хөгжим бүжгийн коллежид зохион байгууллаа.

-Энэ арга хэмжээгээр дамжуулан Хөгжим бүжгийн коллежийн сурагчдыг илүү таниулж өгөх нь ээ?

-Тийм. Монгол улсад суугаа Элчин сайдууд тодорхой хэмжээгээр урлагийн салбарт тусалдаг. Энэ арга хэмжээг зохиосноороо тэд хүүхдүүдтэй илүү ойртож, туслаж дэмжих байх гэсэн үүднээс зохиож буй давхар ач холбогдолтой.

-Жил бүр эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Дипломат эмэгтэйчүүдийн холбооноос уулзалтыг зохиодог.  Үүний дараа ямар уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол?

-Өнгөрсөн жил монголын соёл урлагийг гадныханд таниулахаар үндэсний хувцсыг сурталчлан хүргэсэн.

Энэ жил би урлаг талаасаа хүүхдүүдийг дэмжих байх гэсэн үүднээс урлагийн эх уурхайг сонгосон. Ер нь бол Дипломат эмэгтэйчүүдийн холбооноос жилд хоёроос гурван арга хэмжээ зохиодог. Нэг нь бол өнөөдрийн уламжлалт Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтсан арга хэмжээ.

Дараагийнх нь ирэх есдүгээр сард болох Олон улсын дипломат эмэгтэйчүүдийн үзэсгэлэн, яармаг. Сүүлийн арван жил уламжлал болон зохиогдож байгаа уг үзэсгэлэнд олон улсын дипломат эмэгтэйчүүд өөрсдийн бүтээлээ дэлгэн худалдаалдаг. Тэрхүү үзэсгэлэн, яармагаас олсон орлогыг монголын нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн байгууллагуудад хандивлан дэмжлэг үзүүлдэг юм. 

Уг арга хэмжээнд монголын ахмад дипломатч эмэгтэйчүүд, АНУ, ОХУ, БНГУ, БНСУ-аас Монголд улсад суугаа Элчин сайдын гэргий нар болон Чех улсаас Монголд суугаа элчин сайд хатагтай Ивана Гроллава зэрэг дипломат корпусын эмэгтэйчүүд хүрэлцэн ирсэн юм.

Тэд Хөгжим бүжгийн коллежийн анги танхимуудаар зочлон урлагийн сургуулийн сурагчдын орчинд хичээлийн явцтай нь танилцсан юм. Зочид өнөөдрийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа сургуулийн багш, сурагч, удирдлагуудад уламжилж байлаа.

Г.ДАША









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж