Хурдны замын ажил тавдугаар сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.10-нд нийтлэгдсэн

Хурдны замын ажил тавдугаар сард эхэлнэ

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барих төслийн гүйцэтгэгчээр Чингислэнд деволопмент групп шалгараад байгаа. Магнай трейд, Жаст, Насны зам, Монинжбар, Цаст Импекс гэх зэрэг 10 гаруй үндэсний компаниуд хамтран уг группийг бүрдүүлж байгаагийн дээр Итали, АНУ-ын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын зөвлөх  компаниуд оролцохоор болжээ. Нийтдээ мянган км-ийн урттай Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлүүлж 2015 оны аравдугаар сард дуусгахаар  төлөвлөжээ. 2,5 жилд багтаан дуусгахын тулд замын ажил нь  концессын гэрээгээр хийгдэх аж. Тиймээс 2015-2040 он хүртэл гүйцэтгэгч групп уг замыг эзэмших юм. Харин 2040 оноос улсын мэдэлд хүлээлгэн өгөх ажээ. Төслийн нийт өртөг 3,5 тэрбум ам.доллар буюу нэг км автозамыг 3,5 сая ам доллараар барих гэнэ. Хөрөнгө оруулалтын 70 хувийг олон улсын санхүүгийн зах зээлээс босгож, харин 30 хувийг өөрийн хөрөнгө оруулалтаар шийднэ гэж төслийнхөн хэлж байна. “Хурдны замыг евро стандартаар барих бөгөөд энэ зам олон улсын транзит тээвэр Ази Европыг холбосон гол маршрут байх болно. Энэ оны байдлаар хоёр хөршийн хооронд 80 тэрбум ам долларын ачаа эргэлт хийгдэж байна. Үүний 10 хувь нь хуурай, 90 хувь нь усан замын тээвэр. Энэ тоо 5 жилийн дараа 200 тэрбум  ам доллар болж өснө. Энэ том зах зээлийг холбож өгөхөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам хэрэгтэй байгаа” гэж Чингислэнд деволопмент группын ерөнхийлөгч С. Отгонбаатар онцолсон байна.

Мянган км хурдны замыг барихад нэг сая тонн цемент шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс Чингислэнд деволопмент групп дэргэдээ евро стандартын өндөр чанартай цементийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Төслийн танилцуулгыг саяхан Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцсэн байна. Тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж