Сайд Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Багануур дүүрэгт ажиллав

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Багануур дүүрэгт ажиллав

Багануур дүүргийн иргэдтэй хийсэн /03.10/ уулзалтад УИХ, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ, ЗГ-ын гишүүн, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалтаар:

  • УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцсэн асуудал болон түүний үр дүн
  • Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал
  • Хийсэн ажлаа танилцуулах 
  • Төсөвтэй холбоотой асуудал
  • Хөрөнгө оруулалтын төсвийн талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн Багануур дүүрэгт 2013-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг танилцуулсан юм. Үүнд Соёлын ордоны барилга, дэд бүтэц дулааны шугамын засвар үйлчилгээ, замын шинэчлэл, цахилгаан, хот төлөвлөлт, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хурлын үеэр яригдлаа.

УИХ, ЗГ-ын гишүүн Ц.ОюунгэрэлНамрын чуулганаар 16 хууль шинээр батлагдаж 68 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болоод эдгээрээс хамгийн чухал нь улсын төсвийн тухай хууль байсныг Багануур дүүргийн иргэдтэй хийх уулзалтын үеэр тодотгосон. Орон нутагт олгож байгаа төсвийг 2 дахин нэмэгдүүлж төсвийг  зарцуулах эрхийг орон нутагт нь өгсөн. Одоо УИХ-ын гишүүний мөнгө гэж байхгүй гэдгийг хэлээд Багануур дүүрэгт 2 тэрбум гаруй төгрөгийг хувиарласан тухай танилцуулсан юм.

УИХ, ЗГ-ын гишүүн Л.Болд:Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр.
  • Газрын тухай багц хууль
  • Монгол улсын иргэдэд газар өмчлөх тухай хууль
  • Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хууль
  • Баян Монгол Эрдэнэс Монгол компаний тухай хууль
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй хуулийнтөслийг хэлэлцэх талаар танилцуулсан юм.

Газар эзэмшүүлэх тухай хуулийн хувьд иргэн бүрт газар олгоно.  Газраа авч чадаагүй хүнд үйлчлэх хууль болсон гэж үзэж буй талаараа болон хууль бусаар газар авсан байдлыг хүчингүй болгосноор иргэн бүрт газар оногдохыг онцолсон юм. Газрыг иргэнд олгохдоо Сертификат олгоно. Сертификат нь маш их давуу талтай бөгөөд Сертификатыг авснаар газар шууд тухайн иргэний өмчлөлд шилжиж эдийн засгийн эргэлтэнд орох боломжийг бүрдүүлж эхлэхийг танилцуулсан юм.

УИХ-ын гишүүд танилцуулга, мэдээлэл хийж дууссаны дараа дүүргийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуусан асуултанд хариулт өгсөн юм. Хөгжмийн зохиолчдын холбооны Багануур салбарын эрхлэгч Ганбаатар:Дүүргээс сонгогдсон гишүүд ирж уулзаж байгаад баяртай байна. Би улсад 30 гаруй жил ажиллаж байна. Манай дүүрэгт Соёлын ордон баригдах гэж байгаад их баярлаж байна. 4 жилийн хугацаандаа барьж дуусгаарай гэсэн саналыг тавьж байсан бол Багануур дүүргийн иргэн Оюун:Би 2 хүсэлт тавья. 1-рт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах тогтсон байртай болгож өгнө үү. Манай дүүрэгт 1000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 2-рт ХБИ-дэд ажлын байр байхгүй байна. Ажил хийх чадвартай хүн их байна. Бид хог хаягдлын уут буюу дахиварын уутыг хийх саналтай байна гэх зэрэг дүүргийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гишүүдтэй харилцан ярилцлаа.

Г.ГЭРЭЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж