Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Шинэ хамбатай боллоо

Ромын католик шашинтнуудын тэргүүн хамбаар (дээд тахилч, латинаар Pontifex Maximus гэсэн үг нь шууд утгаараа «Агуу их гүүр баригч) Аргентины тэргүүн лам Хорхе Марио Бергольо сонгогдлоо. Тэрээр Ромын папын ариун суудалд I Франциск  нэрээр залрах болно.

Католикууд 266 дахь Ромын хамбаа сонгов. Шинэ хамбаар Франциск нэр авсан Аргентины тэргүүн хамба Хорхе Берголь сонгогдов. Иезуитуудын бүлэглэлийн анхны понтифик нь энэ хүн болж буй. Тэргүүн хамба Бергольо католик шашны буянаар шашны зэрэг дэвийн дээрээсээ гурав дахь нь болох, иезуист дотроо анхны епископ цолыг залуудаа авсан нэгэн юм.

Иезуи́тууд буюу Иезуитын бүлэглэл нь албан ёсоор “Исусийн нийгэмлэг” (лат. Societas Jesu) гэж нэрлэгддэг. Мөн бүлэглэлийг үүсгэсэн хувилгаан Игнатийн нэрээр нэрлэгдэх бөгөөд Ромын католик шашны эрэгтэй лам нарын бүлэглэл юм. Түүнийг Игнатий Лойола 1534 онд үүсгэн байгуулсныг 1540 онд Ромын хамба III Павел баталгаажуулжээ.

Тэргүүн хамба нарын цуглаан буюу конклаваар Ромын шинэ хамбыг сонгоход нийт 77 тэргүүн хамба лам нар Аргентины Хорхе Марио Бергольогийн төлөө санал өгчээ. Уламжлалын дагуу тэрээр өөртөө Франциск гэх нэр сонгов.

Хувилгаан Ассазийн Франциск гэж хэн бэ?

Ромын католикуудын шинэ тэргүүнд нэрээ “зээлдүүлэгч” Хувилгаан Ассизийн Франциск 1182 онд цэмбэний наймаачны гэрт төржээ. Тэрээр рыцарийн карьер мөрөөдөн цэргийн аян, дайнд оролцож яваад дайснуудад олзлогдсон байв. Бүтэн жил шоронд хоригдож байхдаа тэрээр ертөнцийн эзэн Исус Христ хандан ядуу, зүдүү, зовж шаналсан  хүмүүст өрөвч сэтгэлээр хандах болсон байна. Нэгэн удаа ядуу рыцарьтай тааралдаад өгөөмөр сэтгэл гарган түүнд хувцсаа өгчээ. Түүний шүтээн нь хүлцэнгүй Христос ба хүмүүний сайн сайхны төлөөх байнгын уйгагүй хөдөлмөр болжээ. Домогт өгүүлнээр Франциск өвчтэй хүмүүсийг эдгээгээд үхсэн хүмүүсийг сэргээсэн гэх олон ид шидийг үзүүлжээ. Франциск 1209 онд Матвейн Евангелийн “Алт, мөнгө, зэс бүү ав. Замдаа хоёр солих хувцас, гутал хунар, таяг тулуур бүү ав” гэсэн үгийг сонсоод таягаа хаяж, гутлаа тайлан олсоор бүслээд бурхны орны ядуу бадарчин болжээ.

Франциск хөдөлмөрөөрөө дагуулагч нараа дагуулан хожим францискийн бүлэглэн гэж нэрлэгдэх болсон нийгэмлэгийг үүсгэв. Верна уулан дээр хувилгаан Францискт бурхны шинж тэмдэг илрэн хөл, гарт нь Христийн их тарчлааны шархууд гарч ирсэн гэнэ. Сүүлийн жилүүдэд  өөрийн хүнд тарчлаанд нэрвэгдэн шаналаж байсан ч Хувилгаан Франциск хүрээлэн буй ертөнцдөө өөрийн сайхан сэтгэлиг хадгалан үлдсэн гэдэг. Тэрээр элдэв амьд амьтдад энэрэнгүй ханддаг байсан гэнэ. Өвөл цагт тэрээр дарс, балаар зөгийг хооллох ба замдаа өт хорхойг харвал түүнийг гишгүүлэхгүй гээд аюулгүй газар өргөн тавина. Яргалалд орох хургыг худалдан авч тавина. Туулайг урхинаас чөлөөлөн шувуудыг талд тэжээдэг байжээ. Францискийг сайн таних Ромын хамба IX Григорий 1228 оны долдугаар сарын 16-нд баяр ёслолтойгоор түүнийг хутагт хувилгаадын эгнээнд оруулжээ.

Ромын хамба Франциск энэ удаагийн сонголтоор магадлал өндөртэй хүмүүсийн тоонд байгаагүй. Шинжээчид түүнийг католикийн тэргүүн болно гэж огт дурьдаагүй юм.

Бергольо Буэнос-Айрес хотноо Италиас гаралтай айлын гэрт 1936 онд төржээ. Дөнгөж 22 нас хүрээд иезуитуудын бүлэглэлд  элсэв. Арван жилийн дараа Хорхе лам болжээ. Дараа нь Аргентины нийслэл дэх Сан-Мигель коллежийн шашны шинжлэх ухааны профессор болов. Шинэ их тахилч католик шашны хүрээнд сэтгэгдэл төрүүлэхээр карьер хийж чадсан байлаа. Тэр 34 настайдаа Хувилгаан Иосифийн семенарийн захирал болж чадав. Хоёр жилийн дараа түүний Буэнос-Айресийн туслах епископоор томилов. Даяанчдын бус оронд иезуитийн хүн ингэж дэвшсэн нь ховор тохиолдол болсон гэж болно. Кардинал (католикийн шашины дээрээсээ хоёр дахь цол) Кваррасино нас барсны дараа 1998 онд Бергольо Буэнос-Айресийн тэргүүн дэд хамба болов.

Ромын курийд (Ватиканы захиргааны дээд байгууллага) понтифик Сүсэгтэн олны ажил хэргийн Конграци, Бурханы  мөргөл, хуралын алба, ид шидийн Конгреци, Номлогчийн амьдралын нийгэм, амьдралд зориулагдсан Конгреци зэргийн гишүүн байсан юм. Мөн тэрээр Латин Америкийн комисс, Гэр бүлийн ажил хэргийн комисс зэргийн гишүүн байв. Зарим шинжээчид түүнийг өмнөх конклаваар шашины тэргүүн болох боломжтой байсан гэдэг.

Тоймчид түүнийг даруу хүн, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч гэж үнэлж байна. Тэргүүн хамба байхдаа тэр жижигхэн байранд амьдарч, жолоочтой лимузинээс татгалзан нийтийн тээврээр явахыг илүүд үздэг байжээ. Энэ бүгд нь түүний эерэг дүрийг бүтээхэд тус болсон нь дамжиггүй.

Франциск нэг биш удаа, үр хөндөлт, сайн дураараа амьдралаас татгалзах зэргийн эсрэг дуугарч байв. Тэрээр гомосексуализм ба ижил хүйстнүүдийн гэрлэлтийг буруутгаж байсан. Гэхдээ гей нарын эрхийг хүндэтгэн үзэх хэрэгтэй гэж байлаа.

Тухайн цагтаа Хорхе Бергольо Засгийн газартайгаа зөрөлдөөнтэй байв. Аргентины ерөнхийлөгч Кристина Киршнер түүнийг ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг байна гэж хатуухан шүүмжилсэн билээ. Ерөнхийлөгч түүнээс дундад зуун ханхаллаа гээд шашны харгис шүүхтэй зүйрлэсэн байв.

Иезуитууд ихээхэн либерал бүлэглэл бөгөөд боловсролыг тэргүүнд тавьдаг учраас Баруун Европын орнуудад нэлээд нэртэй. Шинэ хамбын ижил хүйстнүүдэд хандах байдал нэлээд шүүмжлэл гаргаж магадгүй. Мөн иезуитууд хэвлэлийнхэнд таатай ханддаггүй тул сэтгүүлчид түүний үйлдэл бүрийг шүүн хэлэлцэж байх болов уу.

Гэхдээ тэр ядуусын хувилгааны нэрийг авсан нь гурав дахь орнуудын доод давхрагад нэр хүндийг нь өсгөнө. Мөн ядуус түүнээс нийгмийн шударга бус үйлдэлтэй тэмцэхийг хүлээн найдах биз.

Олонхийн саналаар Аргентины тэргүүн хамба Их тахилч болох нь тодорхой болонгуут коллегийн декан Анжело Содано түүнээс латин хэлээр «Чамайг дээд лам болгосон уламжлалт сонголтыг чи хүлээн авч байна уу?» (Acceptanse electionem de te canonice factam in Summum Pontificem?) гэж асуулаа. Бергольо «Хүлээн авлаа» («Аccepto) гэж хариулав.

Нэр сонгох уламжлал 533 онд анх үүсчээ. Төрлөхийн Меркурий гэдэг нэр нь Ромын хамбад таарахгүй байна гээд II Иоанн нэрийг тэр хамба болохдоо авсан байв.

Бүх талын бэлтгэл дууссаны дараа Сикстийн дуганын тагтнаас кардинал Жан-Луи Торан Ромын католик шашины шинэ лидерээр Аргентины кардинал Хорхе Марио Бергольо сонгогдоод Франциск нэрийг авлаа гэв. Шинэ хамба I Франциск ламын ариун суудалд суух ёслол гуравдугаар сарын 19-нд болно.

XVI Бенедиктийн захиргаа нь католик шашины доторх олон гунигт дуулианаар дүүрэн өнгөрлөө. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан лам нарын хэргүүд илэрлээ. Их тахилч өөрөө ислам, харигслал хоёрыг зэрэгцүүлээд лалынхныг гомдоов. Холокостын баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гээд еврей нарыг бас гомдоожээ. Захиргааных нь сүүлээр Их тахилчийн хувийн бичиг баримтаас ил гарч  шашин нь авлигатайг нотлов.

Бенедикт хамба юунаас болж огцров гэдэг ч бас тодорхойгүй. Биеийн эрүүл мэндийн доройгоос уу, эсвэл олон дуулианаас уу?

Хэрэг явдал ямар ч байсан Христийн шинэ залгамжлагч Францискт маш олон асуудлыг шийдэх их ачаалал ирлээ.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж