“Мөнх хөх тэнгэр”-ээр “Андгай” өргөнө

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

“Мөнх хөх тэнгэр”-ээр “Андгай” өргөнө

Монголын рок, попын салбарт өөр өөрийн урсгал төрөлдөө анхдагч, манлайлагч нь болсон гурван уран бүтээлч “Мөнх хөх тэнгэр”-ийн дор нэгдэн шинэ цомгоо өлгийдөн авсан билээ. Тэд бол хэдийнээ “Ах, дүү гурав” нэрээр нэг хамтлаг мэт нэгдсэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар юм. Тэд “Мөнх хөх тэнгэр”-ээр “Андгай” өргөхөөр энэ сарын 18-нд буюу эр цэргийн баяраар “Улаанбаатар” ресторанд 19.00 цагт “Андгай” тоглолтоо хийн, эрчүүдээ омогшуулах нь ээ. Баярын тоглолтод дуучид цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит бүтээлээ хүргэх аж.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар өчигдөр “Мөнх хөх тэнгэр” цомгоо хэвлэлийнхэнд танилцуулан, уран бүтээлчидтэй уулзуулсан байгаа. “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэд  Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,  Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар  оролцсон юм.

Ах, дүү гурав Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтарсан “Мөнх хөх тэнгэр” цомгийн бүтээлүүдээ төсөл болгон цааш үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 25-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. 

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж