Нийслэлийн тээврийнхэн шинэчлэлийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Нийслэлийн тээврийнхэн шинэчлэлийг зорилоо

Нийслэлийн тээврийнхэн шинэчлэлийн ажлын  гараагаа эхэллээ

2013 оны 2 сараас  Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь бүтцийн өөрчлөлтөөр Нийслэлийн Тээврийн газар  болж газрын дарга, 2 орлогч, 6 хэлтэстэйгээр өргөжин нийслэлийн тээврийн салбарын бодлого,үйлчилгээг сайжруулахаар ажиллаж эхэлсний  анхны ажил бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн осол аваарыг бууруулах, зорчигчдыг нийтийн тээврийн хэрэгслээр соёлтой зөв боловсон үйлчлүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор  Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран өрнүүлж буй “АЮУЛГҮЙ ТЭЭВЭР- СОЁЛТОЙ ЗОРЧИГЧ” 45 хоногийн аян юм.

Аяны эхний өдөр буюу 2013.03.15
-нд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч Автобус-1, Автобус-3, ЦТК, Тэнүүн-Огоо, Сутайн буянт, Эрдэмтранс зэрэг 6 аж  ахуй  нэгж  байгууллагуудад Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд ахалсан баг өглөөний гаралт, оройн буултанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагууд өглөөний гаралтанд эмчийн үзлэг хийхгүй байх, жолооч, кондуктор,тээврийн хэрэгслийн үнэмлэх, бичиг баримтгүй үйлчилгээнд гарах, хувцаслалт жигд бус, автобусны гадна дотно цэвэрлэгээ муу, шалгах механик хангалтгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, маршрут чиглэлийг зарлахгүй байх,  хурд хэтрүүлэх, зогсоол дутуу эргэж эрт буух, зорчигчид хуурамч үнэмлэхээр үйлчлүүлэх, кондукторийн үйлчилгээний соёлтой холбоотой  зөрчлүүд давамгайлсан байна. Шалгалтын явцад нийслэлийн өмчит компаниуд зөрчил бага гаргасан бөгөөд цаашид хувийн компаниуд харилцан хоорондоо туршлага солилцож стандартаа мөрдөж хэвшүүлэх үүргийг Нийслэлийн тээврийн газар өглөө. Мөн энэ шалгалтаар нийтийн тээврийн үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх,тээврийн хэрэгслүүдийг GPS-тэй болгох, цахим тасалбарын системд шилжүүлэх, шугамын давхцлыг арилгах, Олон улсын түвшний автобусны зогсоолыг бий болгох, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх зэрэг салбарын бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан юм. Нийслэлийн тээврийн газрын хамт олон аяны  хүрээнд олон нийтэд нийтийн тээвэрт мөрдөгдөх  журам стандартыг  сурталчилан таниулах, жолооч кондуктор, зорчигчдын эрх үүргийг мөрдлөг болгох олон ажлыг төлөвлөсөн бөгөөд мэдээллийн дэмжигч байгууллага манай сонинд нийтийн зорчигч үйлчилгээний тариф,маршрут,стандартыг дугаар бүрд таниулан сурталчлах юм. Энэ дугаараар та бүхэндээ Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандарт/5012:2011/ -аас  танилцуулж байна.

Аянтай холбоотой санал хүсэлтээ Нийслэлийн тээврийн газрын 326352, 323176 утаснуудад мөн transport@mongolnet.mn и-мэйлээр, https://www.facebook.com/transport.ub.gov.mn FB хуудсаар илгээнэ үү.

Нийтийн тээврийн жолоочийн эрх, үүрэг

  • Жолооч нь ерөнхий боловсролын суурь, дунд боловсролтой, мэргэжлийн “Д” ангилалтай, автобусны жолооч бэлтгэх тусгайлсан мэргэжлийн сургалтанд хамрагдсан тээвэрлэгч жолоочоор мэргэшсэн 21-с дээш насны хүн байна.
  • Шугамын үйлчилгээнд гарахдаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан автобус жолоодох чадвартай байх нөхцлийг хангасан байна.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, ариун цэвэр, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, шил арчигч, бусад системийн хэвийн ажиллагааг ханган ажиллана.
  • Шугамд гарахын өмнө тээврийн хэрэгсэлдээ техникийн ерөнхий үзлэг хийж үйлчилгээнд гарна.
  • Шугамаас буухдаа тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг шалгах механикаар тогтмол шалгуулж байх.
  • Шугамын үйлчилгээний үед автобусны зогсоолын карманд зогсч, зорчигчдыг бүрэн бууж, суусны дараа дараагийн зогсоолын нэрийг зарлаж, иргэдэд хөдөлгөөн эхлэхийг анхааруулан хөдөлгөөнийг эхэлнэ.
  • Өглөө ажилд гарахдаа диспетчерт жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн    гэрчилгээг шалгуулах,тээврийн даалгаврын хуудас авч шугамын үйлчилгээнд гарна.
  • Шугамын үйлчилгээний үед тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл гэмтэл гарвал холбогдох албан тушаалтанд мэдэгдэн техникийн түргэн тусламж авах, эвдрэлийг арилгуулах,зорчигчийг шилжүүлэн суулгах яаралтай арга хэмжээ авна.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг  чанд сахиж  мөрдөх

Үйлчилгээний явцад жолоочид  доорхи үйлдлийг хориглоно.

  • Хөдөлгөөний үед жолоочийн кабинд хажуудаа хүн суулгах, бусадтай зүй бусаар харьцах, гар утсаар  ярих, тамхи татах, зааланд дуу хөгжим чангаар тавих.
  • Буудал хооронд хурд хэтрүүлэн явах, зогсоолын бус газарт хүн буулгаж суулгах.
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тээврийн хэрэгслийг огцом тоормослож гэнэт зогсох, огцом хөдлөх зэргээр зорчигчдын тав тухыг алдагдуулах.
  • Маршрут зөрчих, хөдөлгөөний цагийн хуваарийг зөрчих.

Нийтийн тээврийн кондукторын эрх үүрэг

  • Кондуктор нь ерөнхий боловсролын суурь, дунд боловсролтой, мэргэшсэн кондукторын сургалтыг дүүргэсэн,  эрүүл мэндийн шаардлага хангасан хүн байна.
  • Кондуктор нь зорчигчтой соёлч боловсон харьцан хөнгөн шуурхай үйлчилнэ.
  • Кондуктор нь ажлын хувцсыг цэвэр үзэмжтэй өмсч байгууллагын таних тэмдэгтэй өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэг зүүсэн байна.
  • Ажилд гарахын өмнө тээврийн хэрэгслийн цонх, хана, шал, суудал,түшлэг, бариул зэрэгт чийглэг цэвэрлэгээ хийж хог шороо тоосыг бүрэн цэвэрлэнэ.
  • Үйлчилгээний явцад эцсийн ба дундын буудлуудын  нэр, байршил,үнэ тариф зэрэг үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллээр ханган ажиллана.
  • Тухайн ээлжинд хүрэлцэхүйц тасалбарыг авч ажилдаа гарна.
  • Тогтоосон тарифын дагуу зорчих хөлсийг хураан авч түүнд тохирсон үнэ бүхий тасалбарыг хүчингүй болгож зорчигчид өгнө.

Үйлчилгээний явцад кондукторт доорхи үйлдлийг хориглоно.

  • Зорчигчтой зүй бус харьцах, эрхэнд нь халдах зэрэг соёлгүй байдал гаргах.
  • Тасалбар өгөхгүйгээр мөнгө хураах.
  • Өдрийн орлогын зөрчил гаргах.
  • Тасалбарыг хүчингүй болгохгүйгээр зорчигчдод өгөх.

Зорчигчдын эрх үүрэг

  • Зорчигч нь автобусны хойд хаалгаар орж урд болон дунд  хаалгаар бууна.
  • Зорчигч нь суусан даруйдаа зорчих хөлсийг төлж, бусдад аль болох саад болохгүйгээр зорчин тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа бууна.
  • Автобусны заалан дах тоноглол, суудал, суудлыг бүрээс, бариул, бусад тоног төхөөрөмж зэргийг эвдэж гэмтээхгүй гамтай харьцана.
  • Үнэгүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчих тохиолдолд зорчигчид эрхийн үнэмлэх, зохих бичиг баримтаа кондукторт үзүүлнэ.
  • Зорчих хөлс төлөхгүй маргалдсан иргэдэд бурууг нь ойлгуулахад жолооч, кондуктор нарт хажуугийн зорчигчид дэмжлэг үзүүлж тусална.

Зорчигчдод доорхи үйлдлийг хориглоно.

  • Зорчих хөлс төлөхгүйгээр зорчих.
  • Чанга ярьж хашгирах бусадтай маргалдах зэргээр бусдын тайван байдалд нөлөөлөх.
  • Согтуугаар зорчих.
  • Зааланд хог хаяхгүй байх.
  • Тээврийн хэрэгслийн хаалганаас зүүгдэх, хөдөлгөөн эхлэх дохио өгснөөс хойш бууж суухгүй байх.   /МОНГОЛ  УЛСЫН СТАНДАРТААС/
М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж