Патрик Чан гурав дараалан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Патрик Чан гурав дараалан түрүүллээ

Канадын Онтарио мужийн Лондон хотноо 2013 оны насанд хүрэгчдийн уран гулгалтын ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжиж байна.

Өчигдөр тэмцээний эрэгтэй болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэр болж тус төрлүүдэд аваргууд тодорчээ. Канадын Патрик Чан нийлбэр дүнгээр 267,78 оноо авснаар гурван жил дараалан ДАШТ-нд түрүүллээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад VII байр эзэлж байсан Казахстаны Денис Тен 266,48 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Залуучуудын дэлхийн аваргын IV байраас өөр өндөр амжилт үзүүлж байгаагүй Денис Тений хувьд чөлөөт үзүүлбэрт шилдэг нь байж 87,76 оноо авч тэргүүлсэн ч богино үзүүлбэрийн нийлбэрээр Патрик Чанд ялагдлаа. Испаний Фернандес 249,06 оноогоор хүрэл медалийн тавцанд зогсжээ. Японы шилдэг гулгагчдаас энэ жил хэн ч медалийн тавцанд зогсож чадсангүй. Энэ оны дөрвөн тивийн аваргад мөнгөн медаль хүртэж, үндэсний аваргадаа түрүүлсэн Юзуру Ханью дөрөвдүгээр байрт, олимпийн хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Японы хашир туршлагтай тамирчин Дайсүкэ Такахаши зургаадугаар байр эзэлжээ. Европын аваргад тавдугаар байр эзэлсэн ОХУ-ын залуу уран гулгагч Максим Ковтун 17 дугаар байр эзэлсэн байна.

Харин хосын төрөлд Оросын хосыг гүйцэх гулгагчид энэ жил байсангүй. Европын аварга ОХУ-ын Татьяна Волосожар, Максим Траньков богино болон чөлөөөт үзүүлбэрт шилдэг нь байж Оросуудын магнайг тэнийлгэлээ. Тэд нийлбэрээр 225.71 оноо авсан байна.  Дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпийн хүрэл медальт Германы Алена Савченко, Робин Шолковы нар мөнгөн медаль дээр буужээ. Канадын хос Мэган Дюамель, Эрик Рэдфорд нар хүрэл медалийг хүртлээ.



Канадын хос Мэган Дюамель, Эрик Рэдфорд нар чөлөөт үзүүлбэрийн үеэр. 03.15

Маргааш эмэгтэйчүүдийн болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэр болж ДАШТ өндөрлөх юм. Эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрт олимп, дэлхийн аварга БНСУ-ын уран гулгагч Ким Юүна 69,97 оноогоор тэргүүлсэн бол өнгөрсөн жилийн дэлхийн аваргад түрүүлсэн Италийн Каролина Костнер 66,86, Японы залуу уран гулгагч Канако Мураками 66,64 оноогоор удаалаад байгаа.

Ч.БОЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж