“Азийн шилдэг брэнд”-ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Азийн шилдэг брэнд”-ээр шалгарлаа

“INDEX” олон улсын байгууллага, “Save the Сhildren” олон улсын хүүхдийн төлөө байгууллагатай хамтран зохион байгуулсан “Kids Fashion Award – Asia 2010” олон улсын шалгаруулалтанд Монголын хүүхдийн хувцасны үндэсний анхны брэнд “Cashmere KIDS” амжилттай оролцож, “2010 оны Азийн Хүүхдийн хувцасны шилдэг брэнд”-ээр шалгарлаа.

Энэхүү шалгаруулалтыг бүтээгдэхүүний загвар, хийцээс гадна хэрэглээнд тулгуурласан байдал, хүүхдийн эрүүл мэндэд тохирсон байдал гээд хүүхдэд ээлтэй байх бүх талын үзүүлэлтээр дүгнэжээ. Шалгаруулалтанд Америк, Ази, Европын 15 орны  брэндүүд өрсөлдсөнөөс тэргүүн байранд Монголын үндэсний брэнд “Cashmere KIDS”, II байранд Францын “Je Suis en CP”, III байранд Английн “Lilly+Sid” брэнд шалгарсан байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд энэ тавдугаар сарын 20-22-ны хооронд БНСУ-ын Cөүл хотын үзэсгэлэнгийн төв танхим COEX-д болсон “Kids in Fashion & Style 2010” олон улсын үзэсгэлэнд “Cashmere KIDS” брэнд урилгаар оролцож, тэргүүн шагналаа гардан авсан бөгөөд уг үзэсгэлэнд Америк, Ази, Европын улс орнуудын хүүхдийн гутал хувцас болон бусад акссесуарын брэндүүд оролцжээ.


Монгол ноолуураар дэлхийг гоёх эрхэм зорилготой “Гоёо” компани 2009 оны хоёрдугаар сард хүүхэд багачуудад зориулсан “Cashmere KIDS” брэндээ зах зээлд гаргаж, нээлтээ ёслол төгөлдөр хийж байсан билээ. Ийнхүү жил хүрэхгүй богинохон хугацаанд дотооддоо танигдаж хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн хүүхдийн хувцасны үндэсний анхны брэнд маань дэлхийн тавцанд чанар, загвараараа тэргүүлсэн нь бидний бахархал мөн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж