Бэкхэм хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Бэкхэм хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч

“France Football” сэтгүүлээс дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийг нэрлэжээ. Жагсаалтыг Дэвид Бэкхэм тэргүүлсэн байна.

Цагтаа Английн шигшээ багийг ахлан, ногоон талбайн гайхамшигт оддын нэг байсан тэрбээр саяхан Францын “ПСЖ” клубтэй таван сарын гэрээ байгуулсан билээ. Түүний орлого дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг дөрвөнтөө гардсан Лионель Месси, “Реал Мадрид”-ын супер од Криштиан Рональду нарынхаас ч илүү ажээ.

2007-2012 оны хооронд АНУ-ын “ЛА Галакси” багт таван жилийг үдсэн Бэкхэм 2012-2013 оны улиралд цалин, зар сурталчилгаа, бусад ивээн тэтгэлгийн, арилжааны чанартай гэрээнээс нийт 46,5 сая ам.долларын орлого олжээ. Тэрбээр “ПСЖ” клубээс жилийн орлогынхоо таван хувьтай тэнцэхүйц хэмжээний хөлс авах бөгөөд түүнийгээ Парис дахь хүүхдийн буяны санд хандивлахаа мэдэгдээд байгаа юм.

“France Football” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрдугаарт “Барселона”-гийн Лионель Месси бичигджээ. Тэрбээр энэ улиралд 45,2 сая ам.долларын орлоготой байсны 17 сая нь цалин, урамшуулал гэнэ. Түүний араас “Реал Мадрид”-ын Криштиан Рональду 39 сая ам.долларын орлогоор гуравдугаарт бичигдсэн байна.

Харин түүний дасгалжуулагч Жозе Моурниьо хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгийн дасгалжуулагч гэнэ. Тэрбээр энэ улиралд 18 сая ам.долларын орлоготой байна. Өдгөө “ПСЖ”-д ажиллаж буй Карло Анчелотти 15,5 сая ам.долларын орлогоор хоёрдугаарт, харин Хятадын Супер лигийн “Гуанжоу Эвергранд” багийн дасгалжуулагч Марчелло Липпи /14 сая ам.доллар/ гуравдугаарт бичигдлээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж