Хятадын Ерөнхий сайд Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Хятадын Ерөнхий сайд Монголд айлчилна

Си энэ удаад Монголыг тойрч байгаа ч БНХАУ-ын Ерөнхий сайд Монголд удахгүй айлчлахаар яригдаж байна

Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог нь олон асуудал, бэрхшээлийн үндсийг тавьж байдаг гэж хэлж болох байх. Цаашлаад хоёр хөршийн хоорондын харилцаа ямар хандлагатай байхаас ч ихээхэн зүйл хамаарна. Саяхан БНХАУ-ын төрийн удирдлага солигдсоноос үүдээд ОХУ, Хятадын харилцаа хаашаа эргэх бол гэж дэлхий дахин ажиглаж байсан. Тэгвэл Хятадын шинэ дарга Си Жинпин анхны айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаагаа мэдэгдлээ. Айлчлал маргаашнаас эхэлж, хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Си Жинпин албан ёсоор бүрэн эрхээ хүлээн авснаасаа хойш долоо ч хоноогүй байхдаа ийнхүү анхны айлчлалдаа мордож байна. Ингэхдээ ОХУ-ыг зорьж байна. Түүнийг албан тушаалд очсоны дараа бусдаас түрүүлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн бол Сигийн хувьд хамгийн түрүүнд Барак Обама руу утас цохьсон юм.

Дэлхийн тавцанд Хятадын байр суурь хүчирхэгжиж, хүчний харьцаа шилжиж байна гэсэн ажиглалтын шинжээчид хийж буй. Үүний үр дагаварт АНУ, Хятадын харилцаа зөрчилдөж, харин АНУ, Оросын харилцаа ойртоно гэсэн чиг хандлага хэдийнэ бий болжээ. Ийм тохиолдолд ОХУ, БНХАУ-ын харилцаа хаашаа явах вэ гэдэг нь асуудал болж буй. Хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн айлчлал үүнд тодорхой хариулт өгөх байх.

Сигийн өмнө үүрэг гүйцэтгэж байсан Ху Жинтаогийн хувьд анхны төрийн айлчлалаа мөн л ОХУ-аас эхэлж байсан бөгөөд буцах замдаа Монголд айлчилж байсан юм. Тэгвэл Си энэ удаад Монголыг тойрч байгаа ч БНХАУ-ын Ерөнхий сайд Монголд удахгүй айлчлахаар яригдаж байна. Айлчлал ирэх дөрөв, тавдугаар сард байхаар яригдсан ч баталгаажаагүй байна. Мөн дөрөвдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд Бээжинд БНХАУ-ын Ардын их хурлын даргатай уулзахаар төлөвлөж буй аж. Өмнөд хөршид төрийн удирдлага өөрчлөгдсөний дараахан товлогдож буй эдгээр айлчлал, уулзалт ямар асуудлыг хөндөх, хоёр орны харилцаанд ямар эерэг үр дагавар авчрах нь тдорхойгүй ч чухал үйл явдлууд гэж ажиглагчид үзэж байна.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж