Супер лигийн II тойргийн тоглолт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Супер лигийн II тойргийн тоглолт өндөрлөлөө

Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн 2-р тойргийн тоглолт өчигдөр өндөрлөлөө. Өчигдөр болсон тоглолтод “TLG-13”, “Эхлэл МБМ”-г буулган авч, гурав дахь дараалсан ялалтаа авсан байна. Дараагийн тоглолтод “Эрдэнэдрийлинг Ригс” багийн гарааны таван тоглогч бүгд 20-с дээш оноо авч, “Баянзүрх Буллз”-ыг буулган авчээ.

“TLG-13” 3 ДАХЬ ДАРААЛСАН ХОЖЛОО АВЛАА

Эхний тоглолт “Эхлэл МБМ” болон “TLG-13” багуудын хооронд болсон. 2 багуудын хувьд хүснэгтэнд 3-8 гэсэн ижилхэн амжилттай бичигдэж байсан. Аль хожсон нь плэй-оффын өрсөлдөөнд ойрхон үлдэх боломжтой үлдэх байсан. Энэхүү тоглолтонд Эхлэл багийн ахлагч Ц.Мэргэн оролцоогүй бол, TLG-с Э.Цэрэнбаатар 5 дахь тоглолтоо дараалан өнжлөө. Тоглолтын эхний үед “Эхлэл МБМ” багийн довтолгоонууд амжилттай болж, лидерүүд болох Antonio Jones 12 оноо, Б.Даваажав 10 оноо авсан. Ингэснээр эхний үеийг 29-19-н харьцаатай “Эхлэл МБМ” баг тэргүүлсэн.

Харин тоглолтын 2-р үед “TLG-13” баг гайхалтай тоглолт үзүүлсэн. Тэд 2-р үед багаараа 44 оноо авсан. Ялангуяа “TLG-13”-н легионер D’Andre Brown хэд хэдэн алдаатай оролтуудыг амжилттай болгож, холын зайн 3 шидэлтээ амжилттай болгосноор эхний хагаст 29 оноо авсан байна. Мөн Kendrick Black эхний хагаст 17 оноо, 10 самбар авч дабль дабль гүйцэтгэжээ. Ингэснээр эхний хагаст “TLG-13” баг 63-52-р илүүрхсэн. Харин “Эхлэл МБМ” багаас эхний хагаст Antonio Jones 30 оноо авч, багаа тэргүүлсэн.

Харин тоглолтын 3-р үед “Эхлэл МБМ” хожигдохыг хүсэхгүй байгаа гэдгээ нотолж, онооны зөрүүг ойртуулсан. Ялангуяа Antonio Jones-н шилдэг тоглолт үргэлжилж 11 оноо, Лавански 7 оноо авчээ. Ингэснээр 3-р үед “Эхлэл МБМ” оноог 85-88 болгож ойртуулсан.
Гэсэн ч 4-р үед “TLG-13” өөрсдийн тоглолтыг эргүүлэн авчирсан. Энэ үед D’Andre Brown 14 оноо авч шилдэг тоглолтоо үргэлжлүүлсэн. Ингэснээр “TLG-13” энэ тоглолтонд 119-107-н харьцаатай хожиж, 3 дахь дараалсан ялалтаа авлаа. Тэднээс D’Andre Brown 45 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч, супер лиг дэх өөрийн шилдэг амжилтаа гаргалаа. Мөн Kendrick Black 32 оноо, 14 самбар, А.Гансүх 11 оноо, 10 самбар, Г.Өсөхбаяр 4 оноо, 9 оновчтой дамжуулалт өгчээ. Харин “Эхлэл МБМ” багаас Antonio Jones 49 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч, супер лигт трибль дабль хийсэн 2 дахь тоглогч боллоо. Мөн Lawanski 21 оноо, 19 самбар, Б.Даваажав 18 оноо авчээ. Ингэснээр тэд 3-8 гэсэн амжилттай хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж байна.

“ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС”-ИЙН ЭЭЛЖИТ ЯЛАЛТ

Өчигдрийн хоёр дахь тоглолт “Эрдэнэдрийлинг Ригс” болон “Баянзүрх Буллз” багуудын хооронд болсон. Эдгээр багуудын амжилт ижилхэн 7-4 байсан бөгөөд аль хожсон нь “Танан Гарьд”-тай ижил амжилттай болох байсан юм. Энэ тоглолтонд Буллз-н холбон тоглогч Д.Мөнхтүвшин бэртлийн улмаас 2 дахь тоглолтоо дараалан өнжсөн юм. Тоглолт эхнээсээ л тун өрсөлдөөнтэй өрнөж, эхний үе 34-33-н харьцаатай өндөрлөж, тун өндөр оноо авалцсан. Энэ үед “Баянзүрх Буллз” багаас Decorey Jones 10 оноо, Harris 10 оноо, Э.Цэвэлдорж 8 оноо авсан бол “Эрдэнэдрийлинг Ригс” багаас Н.Золжаргал 9 оноо, Hadley 7, Skinner 7 оноо, Б.Батжавхлан 6 оноо, С.Өрнүүнбилэг 5 оноо авч, тун жигд тоглож эхэлсэн.

Харин 2-р үед Ригс оноог 59-54-р тэргүүлж дуусгасан. Энэ үед тэднээс С.Өрнүүнбилэг 8 оноо, Hadley 8 оноо, Н.Золжаргал 4 оноо авчээ. Харин энэ үеийн төгсгөлд Буллз-н Э.Дорж-Арилдын гоё оролт амжилттай болсоноор оноог ойртуулсан.

Тоглолтын 3-р үед “Эрдэнэдрийлинг Ригс” багаас Skinner гайхалтай тоглолт үзүүлж, хэд хэдэн маш хүчтэй слэм данк хийсэн. Тэрээр энэ үед 11 оноогоор багаа тэргүүлжээ. Гэхдээ энэ үед “Баянзүрх Буллз” оноог 81-82 болгож ойртуулсан. Тэднээс Э.Цэвэлдорж энэ үед 9 оноогоор багаа тэргүүлж, мөн Decorey Jones 7 оноо авчээ.

Хожсон нь лигийн хүснэгтэд тэргүүлэгчийн эгнээд бичигдэх байсан тоглолтын шийдвэрлэх 4-р үе тун сонирхолтой өрнөсөн. Ялангуяа “Эрдэнэдрийлинг Ригс” багаараа онцгой байлаа. Тэднээс энэ үед С.Өрнүүнбилэг 9 оноо, Б.Батжавхлан 9 оноо авч, сайн тоглосон. Улмаар энэ тоглолтонд Ригсийн гарааны 5 тоглогч бүгд 20-с дээш оноог авч, гайхалтай тоглолт үзүүллээ. Тэднээс Skinner 28 оноо, Hadley 24 оноо, С.Өрнүүнбилэг 22 оноо, 11 самбар, Б.Батжавхлан 20 оноо, Н.Золжаргал 20 оноо, 6 самбар, 9 оновчтой дамжуулалт өгчээ. Ингэснээр “Эрдэнэдрийлинг Ригс” 114-104-р хожиж, 8-4 гэсэн амжилтаар “Танан Гарьд”-тай зэрэгцэж ирлээ. Харин “Баянзүрх Буллз” 7-5 гэсэн амжилттай болж, “Энержи Ресурс Харцага”-тай ижил амжилттай боллоо. Буллзээс Э.Цэвэлдорж 27 оноо, Decorey Jones 26 оноо, Harris 22 оноо, 19 самбар авчээ.

Ингэснээр сагсан бөмбөгийн супер лигийн 2-р тойрог өндөрлөж байна. 2-р тойргийн дараах байдлаар “Танан Гарьд”, “Эрдэнэдрийлинг Ригс” багууд 8-4 гэсэн амжилттай байна. Тэдний араас “Баянзүрх Буллз”, “Энержи Ресурс Харцага” багууд 7-5 гэсэн амжилттай, плэй-оффын эхний 4 байранд бичигдэж байна. Харин үлдсэн гурван багийн хувьд “СБЛ Шаркс” 5-7, “TLG-13” 4-8, “Эхлэл МБМ” 3-9 гэсэн амжилттай байна.

Д.ЛХАГВА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж