Хятадын дарга Москвад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Хятадын дарга Москвад айлчилж байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж байна. Айлчлал гуравдугаар сарын 22-24-нд үргэлжилнэ.

Төрийн ямар ч шинэ тэргүүний анхны алхам ажиглагчид, шинжээчдийн анхааралд ямагт байдаг. Тэр нь шинэ улстөрчийн бодлого ямар байхыг илэрхийлдэг гол үзэгдэл. Яг ийм өнцгөөр БНХАУ-ын даргын үйл хөдлөлийг дэлхий нийт сонирхож байна. Төрийн хамгийн дээд албаны тушаал авсныхаа дараа тэрээр гуравдугаар сарын 19-нд анхны зочноороо АНУ-ын Сангийн сайд Жейкоб Льюг хүлээн авч уулзсан юм. Гайхах зүйлгүй. Хятад өөрөө Америкийн төрийн үнэт цаасны гол худалдан авагч нь учир.

Дагалдах жишиг, дайсан, түнш

Хятадын коммунист намын шинэ шеф, БНХАУ-ын дарга Си Жиньпин анхны гадаад айлчлалаа Орост хийлээ. Түүний өмнөх Ху Жиньтао дарга ч 10 жилийн өмнө мөн л Оросоос айлчлалаа эхэлж байсан юм. Гэхдээ Бээжин, Москва хоёрын харилцааны түүхэнд  ахиц, уналтын аль аль нь бий.

"Стратегийн түншүүд": Владимир Путин Хятадад айлчилж байгаа нь

Хятадын үзэж байгаагаар Орос, тодруулбал ЗХУ нь эхлээд үлгэр жишээ авах өнцөг байсан бол дараа нь "ревизионист-дайсан" болсон гэхэд болно. Тавиад онд Москва олон мянган мэргэжилтнүүдээ Хятадад илгээн, “Орос, Хятад мөнхийн ахан дүүс” уриан дор залуу коммунист дэглэмийг дэмжсэн билээ. Аажмаар үзэл суртлын ноцтой зөрөлдөөн эхэлж, жараад оны сүүлээр хилийн мөргөлдөөнд хүргэж байв. Одоо бол тэд найрамдалтай, прагматик харилцаагаа стратегийн түншлэлийн зэрэгт хүргэсэн байгаа.

"Баруунд өгч буй дохио"

Москва, Бээжин хоёрын түншлэлийг "Барууны эсрэг хамт зогсоход чиглэгдсэн" гэж Германы хятад судлаач Гюнтер Шуберт (Gunter Schubert) дүгнэжээ. Си Жиньпинийн Москвад хийж байгаа айлчлалыг тэрээр “Билгэдлийн” гэж дүгнээд, ”Энэ нь баруунаас өөр хаашаа хандаж болохыг үзүүлсэн дохио” хэмээн ярьсан байна. Ийм санааг өмнө нь Владимир Путин гаргаж байлаа. Тэрээр 2012 оны зургадугаар сард БНХАУ-д айлчлахдаа Хятадын төв хэвлэл "Жэньминь жибао" сонинд өгүүлэл бичсэн байсан юм. Тэнд “Өнөөдөр эрүүл саруул сэтгэдэг улстөрч, эдийн засгийн салбарын шинжээч хэн байсан ч Орос, Хятад хоёргүйгээр, тэдний сонирхлыг тооцолгүйгээр даяарчллын дэгийг тогтоож чадахгүйг мэдэрч байгаа” хэмээн өгүүлсэн байлаа. Практик дээр хоёр орны гадаад бодлогын түншлэл нь Сири, Иран мэтийн Бээжингийн сонирхлыг  хүчтэй биш хөндсөн асуудлаар НҮБ-д Хятад Оростой санал нэг байдаг. Өөрийн ээлжинд Бээжин Зүүн Өмнөд Азийн асуудлаар Оросын дэмжлэгийг авах хүсэлтэй. Иймээс хоёр лидерийн хэлэлцээрийн төвд даяарчлалын байр сууриа нэгтгэх асуудал байх болно гэдгийг шинжээчид хэлж байна.

Бүтээгдэхүүнийг түүхий эдээр солих

­­­­  
Орос, Хятадын лидерүүд Москвагийн уулзалтаараа худалд­­ааны асуудлаарх олон гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр орны худалдаа сүүлийн хоёр жилд 40 хувиар өссөн ба 2011 онд 83,5 тэрбум ам.доллар хүрсэн байжээ. Хятад 2010 онд Германыг Оросоор сольж, худалдааныхаа чухал түнш болгосон юм. Гэхдээ оросууд экспортын бүтцээр сэтгэл ханамжгүй байгаа. Тэр нь үнэн хэрэгтээ зөвхөн түүхий эд болж байгаа. Орост Хятадаас аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өндөр нэмүү өртөгтэйгээр орж ирдэг. Хятадуудад цөмийн технологи худалдсан нь үүнийг бага зэрэг зөөлрүүлж өгсөн гэж болно. “Бээжин цөмийн эрчим хүчийг өөрийн цахилгааны хангамжийн түшиг гэж үздэг учраас атомын том цахилгаан станцуудыг барихад цөмийн технологи хэрэгтэй. Түүнд технологи хэрэгтэй. Орост өгөх зүйл нь байгаа” гэж шинжээч өгүүлж байна.

Хоёр орны хооронд хамгийн амжилттайгаар хэрэгжиж байгаа салбар бол цэргийн хамтын ажиллагаа гэж болно. Тэдний арми хамтарсан хээрийн сургууль хийдэг бөгөөд өнгөрсөн онд гэхэд л анх удаа тэнгисийн цэргийн анхны хамтарсан сургуулилт хийсэн юм.

Хилийн хоёр талын зураглалууд
 

Баруун Сибирь, Алс Дорнод Хятадын хилийн бүсүүдийн харилцааны  ялгаа Оросыг түгшээж байгаа. Оросын хилийн таван районд дөнгөж таван сая хүн амьдардаг. Тэндээс ирээдүйтэй, боловсролтой хүмүүс шилжин нүүдэлж байгаа.
Харин хилийн эсрэг талд Хятадын мужууд эрс хурдтайгаар хөгжиж байгаа ба хүн ам нь 100 сая орчим болжээ. Бүс нутгийн хувьд хятадууд бодлогоо давамгайлах нь ойлгомжтой. Учир нь хүнс, эрчим хүч бусад бараа бүтээгдэхүүний хангалтыг хятадууд л явуулдаг болсон байгаа билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж