Зугаацах эрхийг хамгаалъя

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Зугаацах эрхийг хамгаалъя

Сүүлийн үед хурдан морины унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах талаар УИХ-ын эмэгтэй гишүүдээс уриалга гаргаад байгаа билээ. Тэд хурдан морь унадаг хүүхдүүдийн эрүүл мэнд болон аюулгүй байдалд анхаарсандаа ингэж байгаа тодорхой юм. Үүнийг нь олон ч хүн дэмжиж байгаа. Гэхдээ эртнээс улбаатай дээр нь мөнгөтэй хүний зугаа цэнгэлд саад болох учир юу байна. Хувь хүний зугаа цэнгэлийг хангалттай нээж өгвөл зүгээр юм шиг. Тэртээ тэргүй мөнгөтэй нэг нь ядарсан нэгэндээ мөнгө өгч өмсөх хувцас, идэх хоолыг нь өгөөд зугаацуулж байгаагаас хойш хэн хэнийх нь хүсэл биелж байгаа хэрэг биш үү. Зарим уяач эрхмүүд энэхүү тэмцлийг тун ч эсэргүүцэж байгаа бололтой. Учир нь тэд ч гэсэн багадаа мориноос унаж бэртэж байсан болохоор тэр. Ер нь мөнгөтэй хүн яаж зугаа­цах нь ардчилсан засаг­лалтай манай оронд байх ёстой юм. Угаасаа зугаа цэнгэл гэхээр бүхнээ зориулдаг монголчуу­дын хувьд мөнгөтэй байхад зугаацахад юу нь саад болох вэ. Ядарсан нэгэн нь үр хүүхдээрээ хурдан морь унуулж сайхан амьдрах эрхээ олж авч байна. Үүнийг буруутгах ямар ч шалтгаан байхгүй. Ингэж хэлэх бас нэгэн шалтгаан нь алтан оройтой малгай өмсөж булга, үнэгний арьсан дээлтэй баячууд үндэснийхээ өв уламжлалыг дэлхий ний­тэд таниулж байгаа хэрэг. Гадныхан тэднийг хараад өв уламжлалаа дээдэлсэн мундаг хүмүүс гэж хэлнэ байх. Зугаацах эрхийг бүрэн нээчих юм бол зугаа гаргагчид нь хүртэл сай­хан амьдрах байх шүү. Иймд саад болох хэрэг юу байна. Тэртээ тэргүй мөнгөтэй баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа алга. Энэ бүхэн тухайн хүний хувийн асуудал. Мөнгө зарж наадам хийж байна. Мөнгө өгч хүүхэд баярлуулж байна. Өөр тэдэнд хэрэгтэй зүйл байхгүй тул ганцхан зугаацах гэж л тэр юм. “Эрэмгий хурдан морьдоор гайхуулж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Эмэгтэй хүмүүс ойлгохгүй байна” гэж олон эрчүүд хэлэх л байх даа. Гэхдээ дан ганц энэ асуудалд эмэгтэйчүүд оролцоод байгаа юм биш Хүний эрхийн комисс бас оролцож байгаа гэнэ. Тэгвэл баячуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ. Тэд ч гэсэн хүмүүс шүү.

Э.БАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж