“Энержи ресурс харцага” хожлоо

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

“Энержи ресурс харцага” хожлоо

“Энержи Ресурс Харцага” 3 дахь удаагаа ”Танан Гарьд”-г хожлоо

Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн эхний тоглолт “Энержи Ресурс Харцага” болон “Танан Гарьд” багуудын хооронд боллоо. Эдгээр багуудын эхний 2 тойргийн тоглолтод “Харцага” хоёр удаа хожоод байсан юм.

Тоглолтын эхний үе Харцага багийн давамгайллаар эхэлсэн. Тоглолт эхлэнгүүт холбон тоглогч Г.Баттөр тун сайн тоглосон. П.Болортулгын хаалт амжилттай болж, Г.Баттөрийн холын зайн шидэлт орсон. Дараагаар нь О.Золзаяа бөмбөг тасалж, Г.Баттөрийн оролт амжилттай болсон. Ингэснээр 15-8-р Харцага тэргүүлэх болж, Гарьдууд багийн дасгалжуулагч Ү.Давхарбаяр амралт захиалсан. Харин амралтын дараагаар “Танан Гарьд” багийн довтолгоо сэргэсэн байлаа. Тэдний 3 дараалсан амжилттай довтолгоонд бүгдэд нь Б.Мөнхболд оролцож, сайн тоглосон. Ингэснээр Танан Гарьд оноог 20-15 болгож тэргүүлж эхэлсэн. Эхний үед Гарьдуудаас М.Отгонмөнх 9 оноо, Харцагуудаас Г.Баттөр 9 оноо авчээ.

Тоглолтын 2-р үед “Энержи Ресурс Харцага” илүү оноо авсан. Б.Одбаяр бөмбөг таслаад довтлох үед М.Отгонмөнх түүн дээр амжилттай хаалт тавьсан ч, П.Болортулга үргэлжлүүлэн довтолж, нэмэлт шидэлт авч чадсан. Мөн Б.Нэмэхбаяр сэлгээнээс гарч ирэн, 3 ч дараалсан хурдан довтолгоог хийсэн. Ингэснээр эхний хагаст Энержи Ресурс Харцага 43-39-р илүүрхсэн. Энэ үеийн төгсгөлд Ц.Азбаярын шидэлт амжилттай болж, Гарьдууд оноог ойртуулж дуусгасан.

Тоглолтын 3-р үед “Харцага”-аас төвийн тоглогчид болох Б.Одбаяр болон П.Болортулга нар 8 оноо авсан. Харин Танан Гарьд баг ахлагч Г.Ихбаяраа бэртэлд алдаад байгаа учир солилцооны цонхоор “Эхлэл МБМ” багаас Antonio Jones-г аваад байсан. Гарьдуудын өмсгөлтэй анх удаа талбай дээр гарсан Jones энэ өдөр холбон тоглогчын үүргээ гүйцэтгэж, төдийлөн их оноо авсангүй. Энэ үед Гарьдуудаас О.Ууганбаяр 8 оноо авч багаа тэргүүлсэн. Ингэснээр 3-р үед Танан Гарьд 67-65-р оноог хошуучилж эхэлсэн.

Шийдвэрлэх 4-р үед дундаа ортол багуудын оноо тэнцүүхэн үргэлжилж байсан. Гэхдээ сүүлийн 5 дахь минутаас хойш Харцага багийн довтолгоонууд амжилттай болж эхэлсэн. Г.Баттөр энэ өдөр шилдэг тоглолтоо гаргаж, 4-р үед 12 оноо авсан.  Мөн Б.Одбаяр самбар доор довтолгооноо амжилттай болгож, энэ үед 9 оноо авсан. Үүний дараагаар Г.Баттөр болон Б.Нэмэхбаяр нарын ээлж дараалсан холын зайн 5 шидэлт амжилттай болсоноор, энэ тоглолтын эцсийг цэгийг тавьсан юм. Ингэснээр “Энержи Ресурс Харцага” энэ тоглолтонд 102-91-р хожиж, Гарьдуудыг 3 дахь удаагаа буулган авлаа. Тэднээс Г.Баттөр 29 оноо, 9 оновчтой дамжуулалт, Б.Нэмэхбаяр 21 оноо, Б.Одбаяр 19 оноо, 21 самбар, П.Болортулга 19 оноо, 17 самбар авчээ. Ингэснээр тэд 8-5 гэсэн амжилттай болж, хүснэгтийн 2-р байранд бичигдэж эхэллээ. Харин “Танан Гарьд”-с О.Ууганбаяр 23 оноо, 11 самбар, Woods 17 оноо, 11 самбар, М.Отгонмөнх 13 оноо, 11 самбар авчээ. Тэд 8-5 гэсэн амжилтаар 3-р байранд бичигдэж байна.

“Баянзүрх Буллз” Плэй-Оффын байраа хадгалж үлдлээ

Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Баянзүрх Буллз” болон ”TLG-13” багуудын хооронд болсон. Энэ тоглолтонд “TLG-13” хожвол, “Баянзүрх Буллз”-тэй нэгхэн хожлын зөрүүтэй болж болох байсан. Иймээс аль аль багуудын хувьд тун чухал тоглолт болсон. Тоглолтын эхний үед “TLG-13”-с Kendrick Black болон Б.Дархантөгс нар 6 оноо авч багаа тэргүүлсэн. Харин Буллз-с Decorey Jones-н холын зайн шидэлтүүд амжилттай болж 9 оноо авсан бол, бусад нь тун жигд тоглосон. Мөн эхний үе Д.Мөнхтүвшингийн шидэлт орсоноор өндөрлөсөн. Ингэснээр эхний үеийг “Баянзүрх Буллз” 27-24-р тэргүүлсэн.

Тоглолтын 2-р үед “TLG-13”-с Kendrick Black мөн л сайн тоглож 10 оноо авсан. Харин “Баянзүрх Буллз” энэ үед эсрэг багаасаа илүү оноо авч, Д.Мөнхтүвшин болон Decorey Jones нар 6 оноо авсан. Ингэснээр тоглолтын эхний хагасыг “Баянзүрх Буллз” 47-39-р давамгайлж өндөрлүүлсэн.

Тоглолтын 3-р үеэс тоглолт илүү өрсөлдөөнтэй өрнөж эхэлсэн. Энэ үед “TLG-13”-н А.Гансүх тун гайхалтай тоглож, түүний оролт, дамжуулалтууд амжилттай болж байлаа. Тэрээр энэ үед 8 оноо авч багаа тэргүүлсэн. Мөн энэ үед 8 оноо авсан Kendrick Black үнэхээр хүчтэй нэгэн тохолт хийж, ордонд ирсэн үзэгчдийн шуугиан нэг хэсэгтээ намжаагүй. Гэхдээ түүний хариуг Т.Санчир тэр дор нь барьсан. Тэрээр энэ үед 14 оноо авсан. Мөн үеийн төгсгөлд Э.Цэвэлдоржын шидэлт амжилттай болж, 3-р үе өндөрлөсөн.

Шийдвэрлэх 4-р үеийн эхэнд “TLG-13”  оноог тэнцүүлж ирсэн. Энэ өдөр талбай дээр тун олон минут тоглосон О.Цэлмэгийн 2 дараалсан холын зайн шидэлт амжилттай болсон. Үүний дараагаар Б.Дархантөгсийн оролт амжилттай болсон. Гэхдээ сүүлийн 3 тоглолтондоо дараалан хожигдоод байсан “Баянзүрх Буллз” хожигдохыг хүсэхгүй байлаа. 6 дахь минутаас хойш Harris болон Decorey Jones нар ээлж дараалан тохолт хийж байлаа. Мөн Т.Санчирын холын зайн шидэлт амжилттай болж, мөн оролт амжилттай болж, улмаар нэмэлт шидэлт хийх эрхтэй болсон. Ингэснээр энэ тоглолтонд “Баянзүрх Буллз” 106-97-р хожиж, 8-6 гэсэн амжилтаар 4-р байраа хадгалан үлдлээ. Тэднээс Т.Санчир 33 оноо, 14 самбар, 8 оновчтой дамжуулалт, Д.Мөнхтүвшин 20 оноо, Decorey Jones 20 оноо, 10 самбар, Harris 12 оноо, 11 самбар авчээ. Харин “TLG-13” баг 5-9 гэсэн амжилттай болж байна. Тэднээс Kendrick Black 30 оноо, 18 самбар, А.Гансүх 18 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт, Б.Дархантөгс 10 оноо, Г.Цэнгүүнбаяр 10 оноо авчээ.

Үндэсний супер лиг маргааш “Эхлэл”-“Танан Гарьд”, “Энержи Ресурс Харцага”-“СБЛ Шаркс” багуудын тоглолтоор үргэлжилнэ.

Д.ЛХАГВА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж