“Супер лиг”-ийн гуравдугаар тойрог үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

“Супер лиг”-ийн гуравдугаар тойрог үргэлжилж байна

Сагсан бөмбөгийн үндэсний “Супер лиг”-ийн гуравдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр “Энержи Ресурс Харцага”, ”СБЛ Хүлэгүүд” багийн тоглолт болж, 91:78-ийн харьцаатай Харцага хожжээ.

“Харцага” баг легионер тоглогчгүй байгаа хэдий ч, супер лигийн хоёрдугаар байранд бичигдэж байна. Харин “SBL” багийн хувьд солилцооны цонхоор “Хасын Хүлэгүүд” багаас холбон тоглогч М.Бадрах болон довтлогч Б.Билгүүн, мөн легионер тоглогчид болох Chris Lawson, Marcus Hammonds нарыг нэгтгэсэн билээ. Шинээр ирсэн тоглогчдоос М.Бадрах болон Б.Билгүүн нарыг гараанд гарсан. Харин” Харцага”-аас Б.Одбаяр, Г.Баттөр нар сэлгээнээс тоглосон.

Тоглолтын эхний үед шинэхэн бүрэлдэхүүнтэй “SBL Хүлэгүүд” тун сайн тоглож, оноогоор тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч “Харцага”-аас сэлгээний тоглогч Б.Нэмэхбаяр алсын зайнаас гурав дараалан оноо авснаар зөрүүг ойртуулсан.

Харин тоглолтын хоёрдугаар үед “Харцага” багийн хамгаалалт сайн байлаа. Тэд энэ үед “SBL” багт долоон оноо алдаж, 16 оноог авсан байна. Сүүлийн хагаст “Харцага” бэлтгэл сайтай байгаагаа  баталлаа. Өчигдрийн тоглолтод “Харцага” багаас Б.Нэмэхбаяр 21 оноо, Б.Одбаяр 18 оноо, Г.Баттөр 16 оноо, П.Болортулга 14 оноо, 12 самбар, Б.Дорждамба 13 оноо авчээ. Ингэснээр “Энержи Ресурс Харцага” 91:78-ийн харьцаатай хожжээ.

Харин “SBL Хүлэгүүд” багаас Chris Lawson 17 оноо, О.Сэргэлэн 14 оноо, Marcus Hammonds 14 оноо, Б.Билгүүн 13 оноо, З.Дэлгэрням найман оноо, 11 самбараас бөмбөг авчээ.

“ТАНАН ГАРЬД” 9 ДЭХ ХОЖЛОО АВЛАА

“Эхлэл МБМ” болон “Танан Гарьд” багуудын тоглолт мөн болсон. Эдгээр багууд гуравдугаар тойргийн эхний тоглолтдоо хожигдоод байсан юм. “Эхлэл” багийн хувьд солилцооны цонхоор Н.Түвдэн, Н.Даваа гэсэн тоглогчидоор хүч нэмжээ.

Тоглолтын эхний хагас 56:31-ийн харьцаатай “Танан Гарьд” багийн давамгайллаар өндөрлөсөн. Тэднээс эхний хагаст М.Отгонмөнх холын зайнаас 3 оруулж, 17 оноо авсан бол М.Дорждавга 12 оноо, 11 самбар, Ц.Азбаяр 9 оноо авчээ. Тоглолтын сүүлийн хагаст “Эхлэл” баг оноог ойртуулахыг хичээж, Б.Билгүүн, Б.Даваажавын шидэлтүүд, Э.Ууганбатын оролтууд амжилттай болж байлаа. Энэ тоглолтонд “Эхлэл МБМ” багаас таван тоглогч 10-с дээш оноо авчээ. Б.Даваажав 19 оноо, Э.Ууганбат 14 оноо, Б.Билгүүн 12 оноо, 10 самбар, Н.Түвдэн 10 оноо, Ш.Энх-Оргил 10 оноо авсан. Гэсэн ч баг нь хожигдсон юм.

Энэ тоглолтонд “Танан Гарьд” багийн хамгаалагч М.Отгонмөнх тун сайн тоглож, 28 оноо, 7 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлжээ. Мөн Ц.Азбаяр 23 оноо, М.Дорждавга 14 оноо, 12 самбар, Antonio Jones 11 оноо, О.Ууганбаяр 10 оноо авчээ.

“Супер лиг” маргааш “Баянзүрх Буллс” болон “Танан Гарьд”, “Эрдэнэдрийлинг Rigs” болон “SBL Хүлэгүүд” багуудын тоглолтоор үргэлжилнэ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж