НИТХ “Улаанбаатар метро” төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

НИТХ “Улаанбаатар метро” төслийг дэмжлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долдугаар хуралдаанаар өнөөдөр нийслэлд метро байгуулах төслийн судалгааны ажлын тайланг хэлэлцэж, төслийг дэмжсэн байна.

Япон улсын Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар метро” төслийн судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн билээ. “Улаанбаатар-Метро” байгуулах эхний бэлтгэл ажлыг ирэх жилээс эхлүүлэн, 2016 онд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг хийвэл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой юм байна. 

Метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барихаар урьдчилсан төлөвлөлт хийжээ. Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр авто машинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртлэх хувиар багасч, зам тээврийн осол буурахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл сайжрах юм.  Мөн метро барих ажил эхэлснээр 156 мянган  шинэ ажлын байр нэмэгдэнэ гэж төслийн багийхан үзэж байгаа юм. Улаанбаатар хот метротой болоход нийтдээ 1,5 тэрбум ам долларын санхүүжилт хэрэгтэй гэж урьдчилсан тооцоо хийжээ.

Одоогоор Японы Засгийн газраас метро барих төсөлд зориулж 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгчдийн  олонхи нь энэ төслийг дэмжсэнээр “Улаанбаатар метро” төслийг баталлаа. Одоо уг төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Засгийн газар болон УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж