Архидалтыг бууруулахад нэгдсэн бодлого хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Архидалтыг бууруулахад нэгдсэн бодлого хэрэгтэй

“Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль зүйн яамнаас санаачлан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийлээ.

Тус хэлэлцүүлгэгт Эрүүлжүүлэх байр ба хүний эрх, Албадан эмчилгээний үр дүнг сайжруулах, Өнөөгийн архидалтын байдал, шийдэх арга зам, архидан согтуурахтай тэмцэх талаар нийслэл, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яамнаас барьж буй бодлого зэрэг сэдвээр холбогдох яам, нийслэлийн захирагчын ажлын алба, ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах газар, ТББ-ууд, ШШГЕГ-ын албадан эмчилгээний байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавив.

Архинаас болж нас барагсдын тоонд хүйсийн ялгаа байгаа бөгөөд 2009 онд архинаас шалтгаалан нас барсан эрэгтэй хүний тоо 300 байсан бол 2010 онд 430, 2011 онд 600-д хүрсэн байна.

Манай улс архидан согтуурч хэрэг зөрчил гаргасан бол эрүүлжүүлэх байранд хувцасгүйгээр 24 цагийн турш хоридог. Үүнийг хүний эрх зөрчиж буй хэлбэр гэж тайлбарлах хүмүүс байгаа бол эрүүл мэндийн асуудал ч давхар яригдана гэдгийг онцолж байв. Нийслэлийн эрүүлжүүлэх байрнууд Цагдаагийн хэлтсийн подвольд байрладаг нь стандартын шаардлага хангадаггүй. Ер нь Эрүүлжүүлэх байр гэх биш Хордлого тайлах, албадан саатуулах байр гэж байх ёстойг албаны хүмүүс хэллээ.

Эрүүлжүүлэх байранд гурав түүнээс олон удаа хүргэгдэн ирсэн хүнийг Шүүхийн шийдвэрийн дагуу гарч  албадан эмчилгээнд явуудаг байна. Албадан эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст эмчилгээний үр дүн бага байдаг бөгөөд энэ нь эрүү мэндийн салбарын үйл ажиллагаа дутагдсаных гэж албадан эмчилгээний холбогдох хүмүүс илэрхийлж байлаа. Төв аймгийн Баян суманд байрлах албадан эмчилгээний газарт 100 ор байдаг боловч тогтмол 180 орчим хүн эмчлүүлдэг байна. Баяр ёслолын үеэр мөн гадны илч төлөөлөгчдийг айлчлахад гудамжинд байдаг иргэдийг аваачдаг болохоор ачааллаа дийлэхээ больдог. Тэнд нэг их эмч, 10 сувилагч ажилдаг ч ихэнх нь тэтгэвэрт гарах нас нь болсон учир орон тооны эмч, сувилагч дутмаг байдаг тухай албаныхан хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас архинд донтохыг нэг төрлийн өвчин гэж үзсэн байдаг аж. Тиймээс архаг архичдад ШШГЕГ архины албадан эмчилгээ хийх биш Эрүүл мэндийн байгууллага архинд донтсон хүмүүсийг эмчлэхэд илүү анхаарах ёстой гэсэн байр суурийг нилээдгүй хүн илэрхийлж байв.

Мөн архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаар олон санал санаачлага гаргаж байсан бөгөөд орчин нөхцөл, баар ресторануудын үйл ажиллагаа, тэдэнд тавих хяналт зэрэг шүүмжлэлтэй асуудлуудыг ч хэлэцлээ. Мөн архидан согтуурсан ч бай, архинд донтох өвчтэй ч бай хүн учраас эрүүлжүүлэх байр, албадан эмчилгээний байгууллагууд хүний эрхийг зөрчилгүйгээр үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй гэсэн санал ихээр тавигдаж байсан юм. Ингээд ХЗЯ,ЭМЯ,ШШГЕГ,ЦЕГ, ТББ-ууд хамтран архидан согтуурах явдалтай тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, түүнд хэрхэн хяналт тавих, төрөөс ямар бодлого баримтлах зэрэг эрх зүйн шинэчлэлт өөрчлөлтөд өөрсдийн саналуудыг нэгтгэн оруулахаар боллоо.         
                                      

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж