Шөнийн клуб дэх галын хэрэгт дөрвөн хүнийг яллана

Хуучирсан мэдээ: 2013.04.06-нд нийтлэгдсэн

Шөнийн клуб дэх галын хэрэгт дөрвөн хүнийг яллана

Бразилийн Санта Мария хотын “Kiss” нэртэй шөнийн клубт гарсан галын улмаас амиа алдсан 200 гаруй хүний үхэлд буруутгагдан саатуулагдаад буй дөрвөн хүн ял сонсох нь тодорхой болжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан “Kiss” шөнийн клубын эзэд болох Элиссандро Шпор, Мауро Хоффман болон тус клубт гадаа ашиглах зориулалттай салют ашигласан “Gurizada Fandangueira” хамтлагийн дуучин Марсело де Есүс дос Сантос, клубын шоу менежер Лусиано Бонила нарыг сэжигтнээр татаад байсан юм. Харин мөрдөн байцаалтын явцад тэд олон хүний амь эрсдсэн хэрэгт буруутай болох нь тогтоогдсон тул шүүхээс тэдэнд ял оноох нь тодорхой хэмээн албаны хүмүүс мэдэджээ.

Шүүх хурал чухам хэдийд болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард “Kiss” шөнийн клубт гал гарснаас 230 гаруй хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж шархатсан билээ. Тус клубт тоглож байсан “Gurizada Fandangueira” хамтлагийн задгай талбайд ашиглах зориулалттай салют тайзан дээр хэрэглэсний улмаас гал гарсан бөгөөд нэг дор 691 хүнийг хүлээн авах хүчин чадалтай “Kiss” клубт гал гарах үеэр 2000 орчим хүн цугласан байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж