Нийт төллөх малын 30 гаруй хувь нь төллөөд байна

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Нийт төллөх малын 30 гаруй хувь нь төллөөд байна

Өвөрхангай аймгийн ХХААЖДҮГ-ын дарга С.Цэдэнбалжир:

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар /ХХААЖДҮГ/ нь салбарынхаа хүрээнд улсад тэргүүлсэн билээ. Тиймээс тус байгууллагын дарга С.Цэдэнбалжиртай уулзаж, үйл ажиллагаа болон хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн талаар тодрууллаа.

-2012 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлсэнд баяр хүргэе?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас семинар зохион байгуулж, энэ үеэр үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын 2012 оны ажлын үр дүнг тооцон, үнэлгээ өгсөн. Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААЖДҮГ нь аймгийн гол эдийн засгийн салбар учраас бүх чиглэлийн зорилтуудыг жигд биелүүлж ажиллалаа. Тухайлвал мал эмнэлэг, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, үндэсний худалдааны үйлдвэрлэл, газар тариалан гээд олон талын үйл ажиллагаа манай газарт харъяалагддаг. Энэ хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээлийн бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлсэн, мал сүргийн тоо 2012 онд 540 мянгаар өссөн, үр тарианы үйлдвэрлэлтийн байдалд ахиц гарсан зэрэг ажлуудыг онцлон үнэлж, бидний ажил үйлсийг урамшуулсанд баяртай байна.

-Өвөрхангай аймагт хаваржилтын нөхцөл байдал хэр байна, малын хорогдол, мал төллөлтийн мэдээллийг өгөхгүй юу?

-Аймгийн хэмжээгээр өвөлжилт хүнд байсан. Нийт сум цас ихтэй, түүнээс 8 сум зудын байдалд  өвөлжлөө. Гэсэн ч зуншлага, бэлчээрийн гарц сайхан, мал тарга тэвээрэгтэй байсан учраас хорогдол гайгүй өнгөрлөө. Аймгийн хэмжээнд  2 сая 970 мянган мал өвөлжсөнөөс 7 орчим мянган мал хорогдсон. Бусад аймгуудтай харьцуулахад доод үзүүлэлт нь юм. Засгийн газарт нөхцөл байдлаа сайн ойлгуулж,  ажлын хэсгийг газар дээр нь ажиллуулах, аймаг орон нутгаас эрүүл мэнд,  мал эмнэлэгийн үйлчилгээ, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх,  зам даваа гаргах зэрэг  зохион байгуулалтын арга хэмжээг  цаг алдалгүй шуурхай  авч ажилласны үр дүнд хохирол харьцангүй багатай давсан.  Мөн хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээс  малчдад сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэгийг байнга үзүүлж байлаа. Энэ хавар  нийт 1 сая 170 мянган мал төллөх ёстойгоос 30 гаруй хувь нь төллөсөн мэдээ байна. Цаг агаар хүйтэвтэр, салхитай байгаа боловч нийт нутгаар нойтон цас орж, мал сүрэг эрт ногоо идэх боломж бүрдээд байна.

-Отроор явсан малчид эргэж ирж байгаа юу? Малчдад тулгамдсан асуудал, бэрхшээл хэр байна вэ?

-Булган, Дундговь, Төв аймгуудад малчид отроор өвөлжсөн. Малаа бүрэн төллүүлчихээд ирэх чигтэй байна. Аймаг дотроо говийн сумдуудад оторлосон  малчид мал төллөхөөс өмнө хаваржаандаа буух хүсэлт тавьсан тул зам даваа гаргах, цас цэвэрлэх ажлуудыг олон нийтийн хүчээр хийсэн. Ерөнхийдөө малчдын хувьд тулгамдсан асуудал гайгүй, төл хүлээн авах бэлтгэл ажил хангагдаад байна.

Б.БАТЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж