Дэлхий нийтээр харшилтай тэмцэх долоо хоног

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Дэлхий нийтээр харшилтай тэмцэх долоо хоног

Дэлхийн харшлын байгууллагаас санаачлан “Хүнсний харшил-Дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал” сэдвийн дор дэлхийн 93 оронд харшлын эсрэг “Харшилтай тэмцэх долоо хоног-2013” арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Монголын харшил судлалын нийгэмлэгээс дөрөвдүгээр сарын 8-15-ны хооронд үргэлжлэх “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног-2013” арга хэмжээний талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Долоо хоногийн арга хэмжээний хүрээнд харшлын талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх, харшлын эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, мөн харшлаас урьдчилан сэргийлэх талаар харшилтай хүмүүс, эцэг эхчүүдэд зохих мэдлэг эзэмшүүлэх сургалт хийх гэнэ.

Дэлхийн хүн амын 30-40 хувь нь жилд янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30 хувийг ургамлын тоосны харшил эзэлж буй ажээ. Түүнчлэн 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай гэж зарим судлаачид урьдчилан тооцоолсон байна. Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж чанартай байдгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон байна.

Манай орны хувьд улирлын шинж чанартай харшлын өвчин ихэсдэг. Өвлийн улиралд утаанаас, хавар тоосноос, зун нар, ургамлаас зэргээс шалтгаалж, харшил сэдэрдэг байхад гэрийн нөхцөлд тоос шороо, ургамал, амьтан, хоол хүнсээс харшилдаг хүмүүс ч байдаг. Харшилт өвчин нь удамших магадлал өндөр байдаг бөгөөд эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд өвчлөх магадлал 25 хувь, хоёулаа харшилтай бол 75-80 хувиар өсдөг байна.

УКТЭ-ийн харшлын кабинетэд 8000-10000 харшилтай хүн үйлчлүүлдэгээс 30 хувь нь хоол хүнсний харшилтай байдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн болон сүү, өндөг , жимс, самар зэрэг өдөр тутмын хүнсний хэрэглээнээс харшилдаг болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Өнөөдөр анагаахын шинжлэх ухаанд ургамлын тоосны харшил өвчний төгс эмчилгээний аргыг хараахан нээгээгүй байна. Өнөөгийн байдлаар хийгдэж байгаа саармагжуулах болон шинж тэмдгийн эмчилгээ нь удаан хугацаагаар хийгддэг, зарим тохиолдолд үр дүн багатай. Харшлын өвчтэй хүнд харшлын эм уулгах, дархлаа тогтоох, урьдчилан сэргийлэх, удаан хугацааны эмчилгээ зэргийг хийж буй тухай албаны хүмүүс мэдээллээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж