Бараа эргэлт 13,8 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Бараа эргэлт 13,8 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Энэ удаа оны эхний улирлын дүнг танилцуулсан юм. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) энэ оны  гуравдугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн байна. Ерөнхий индекс гуравдугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн  үнэ дүнгээрээ 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.   

Монгол Улс  энэ оны эхний улиралд дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.доллар, үүнээс экспорт 809.2 сая ам.доллар, импорт 1205.0 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны  гуравдугаар сард 167.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны гуравдугаар сард 90.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 76.7 сая ам.доллар буюу 45.8 хувиар буурчээ.    

Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 321.5 сая ам.доллар буюу 13.8 хувь, үүний дотор импортын хэмжээ 252.9 сая ам.доллар буюу 17.3 хувь, экспортын хэмжээ 68.6 сая ам.доллар буюу 7.8 хувиар буурчээ. Экспортын 96.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.   

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж