Чанаргүй зээл өмнөх сараас өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээл өмнөх сараас өсчээ

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний улиралд 1019.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 85.1 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар буурсан байна. Ийн буурахад бараа, үйлчилгээний зардал 104.2 тэрбум төгрөг буюу 27 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 20.7 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар өссөн хэдий ч хөрөнгийн зардал 180.6 тэрбум төгрөг буюу 82.9 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 28.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.    

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн гуравдугаар сарын эцэст 7383.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 215.1 тэрбум төгрөг буюу гурван  хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1602.1 тэрбум төгрөг буюу 27.7 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 99.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 11 тэрбум төгрөг буюу 9.9 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 38.5 тэрбум төгрөг буюу 62.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 308.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.7 тэрбум төгрөг  буюу 0.9 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс 11.6 тэрбум төгрөг  буюу 3.6 хувиар буурсан байна.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж