Хөшөө цайдмаас орон сууц

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Хөшөө цайдмаас орон сууц

Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд ноён Рэжэп Тайип Эрдоаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар айлчилж буй Турк улсын Ерөнхий сайд ноён Рэжэп Тайип Эрдоан дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамтаар өчигдөр 16.30 цагийн орчимд онцгой үүргийн нислэгээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм. Айлчлалын бүрэлдэхүүнийг угтан авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болж өнгөрсний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсэн бол дараа нь Засгийн газрын сайд нарыг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээр хийсэн юм.

Хэлэлцээрийн дүнд Монгол Улс Турк улстай 2004 оноос эхлүүлсэн иж бүрэн түншлэлийн харилцаагаа стратегийн түншлэлд хүргэх зорилт тавьсан байна. Мөн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн чиглэлийн харилцаа өргөжих нөхцөл бүрдүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан нар хэвлэлийнхэнд хийсэн хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм. Энэ тухай тоймлоё.

Барилгын салбарт хамтарна

УИХ-аас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр баталснаас хойш гурван жил болж байгаа ч 100 мянган айлыг орон сууц барих ажил төдий л эрчтэй явахгүй байгаа. Тэгвэл энэ ажилд Турк улс хамтрах болж байна. Тус улсын хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 400 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бол одоо 100 мянган айлын орон сууц баригдаж буй аж. Тиймээс туршлага байна, энэ бүхнээрээ туслахад бэлэн гэж буй юм. Тэр дундаа Улаанбаатар хот дахь гэр хорооллыг барилгажуулах туршлага бий гэдгээ Турк улсын Ерөнхий сайд онцлов. Эл барилгажуулах ажилд Туркийн хувийн хэвшлийн компаниуд онцгой үүрэгтэй оролцох юм байна.

Тус улсын хувьд авто зам, барилга барих туршлагаараа дэлхийд тэргүүлэх чиглэлтэй орнуудын тоонд багтдаг байна. Орон сууцны хорооллыг гол төлөв хотхон хэлбэрээр байгуулдаг. Дээд тал нь таван давхар байхаар, ингэхдээ шаардлагатай дэд бүтцийг цөм багтаасан хороолол барьдаг аж. Иргэдээ 10-15, 20 хүртэл жилийн хугацаатайгаар урт хугацаатай зээлд хамруулах замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй болохоо Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан мэдэгдсэн юм. Тиймээс Турк улсын орон сууцжуулах хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажил ийнхүү 100 мянган айл орон сууц барих бүтээн байгуулалтын их ажлын хүрээнд эрчимжих болж байна.

Туркчууд визгүй зорчино

Турк улсад Монгол Улсын иргэн 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг эдэлж ирсэн бол энэ удаагийн айлчлалаар Турк иргэд Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хоёр тал тохиролцоонд хүрчээ. Энэ нь дээрх барилгажуулах их ажилд Турк иргэдийг татан оролцуулахад визээс чөлөөлөх давхар бодлоготой уялдаж байгаа бололтой. Дулааны улирал ирэхэд хятад иргэд олноороо Монгол Улсад ирж авто зам, барилгын салбарт ажилладаг. Тэгвэл энэхүү хятад иргэдээр хүч түрж байсан гадаадын ажиллах хүчний бодлого гуравдагч хөршөөр сүлэгдэх бололтой. Нөгөөтэйгүүр, энэхүү визгүй зорчих нөхцөл нь хоёр улсын хооронд аялал жуулчлал хөгжих таатай боломж бүрдүүлнэ хэмээн хоёр улсын Ерөнхий сайд нар тэмдэглэв.

Монгол Улсад Туркчуудтэй холбоотой хөшөө дурсгал олон бий. Түүнийг үзэх сонирхолтой турк жуулчид олон байдаг. Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны хувьд 2005 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Хархорин дахь Хөшөө цайдам руу автозам тавих, Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг сэргээх засах зэрэг томоохон ажлын шавыг тавьж байсан бол одоо тэрхүү замаар аялагчид жуулчид зорчих болжээ. Энэ нь одоо тус түүхэн дурсгалт газрыг үзэхэд авто замаар саадгүй явж хүрэх боломжтой болсон байна. Мөн судалгаагаар 2012 онд Турк улсаас Монгол Улсад 6060 орчим иргэн зорчсон бол Монгол Улсаас Турк улсад 6500 иргэн зорчсон гэх мэдээлэл байна. Тиймээс хоёр улсын иргэд харилцан визгүй зорчсоноор аялал жуулчлалыг өргөтгөх түүхэн суурь нь болох аж.

Агаарын тээврийг хөгжүүлнэ

Хоёр улсын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн томоохон ажлын суурь нь өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн Стамбулаас-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн шууд нислэгийг эхлүүлсэн явдал байжээ. Долоо хоногийн гурван өдөр дээрх чиглэлээр шууд нислэг үйлдэгддэг байна. Өчигдөр болсон хэлэлцээрийн үеэр энэхүү нислэгийг долоо хоног тутам болгох гарцыг хайхаар болжээ. Мөн хоёр орны авиа компаниуд хамтран Стамбул-Бишкек-Улаанбаатар-Сөүл гэсэн чиглэлд долоо хоногт гурван удаа ачааны нислэг хийх санал дэвшүүлсэн байна.

Түүнчлэн хоёр улсын хоорондын худалдааг өргөжүүлж 2015 он гэхэд 250 сая ам.долларт хүргэх зорилго тавьсан байна. Өнгөрсөн онд Монгол Улс Турк улс хоёр нь 36 сая ам.долларын худалдаа хийсэн нь харьцангуй доогуур үзүүлэлт аж. Хоёр улсын хооронд хийгдэж байгаа худалдааны төрлийг сонирхвол Монгол Улс Туркт бог малын өдөн гэдэс, давсаг, гүзээ, гэрийн мод экспортолдог бол Туркээс манай тал хүнсний зүйлс, эм, саван, шампунь, угаалгын нунтаг, гутлын тос, хуванцар сав, гутал, автобусны мотор хэрэгсэл, бойлер, насос, хатаагч, радиатор, компьютер, мебель тавилга импортолдог аж. Айлчлалын хүрээнд Монгол Улс малын арьс шир, мах, дотор эрхтэнг боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.

Турк улсаас Монгол Улсад үзүүлж ирсэн тусламжийг сонирхвол ТИКА-гийн шугамаар 1994 оноос эхлэн нийт 30 сая ам.долларын техникийн тусламж авчээ. Мөн Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах төсөл, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн мүзей байгуулах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах, МУИС-д турк судлалын тэнхим байгуулах, “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив”, “Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” зэрэг 30 орчим хөтөлбөр төсөл хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн 2008 онд Туркийн Засгийн газар 100 мянган ам.долларын хүнсний тусламж, 2010 онд зудын улмаас гамшгийн байдалд орсон малчдад Туркийн Засгийн газар 50 мянган ам.долларын хандив, Туркийн Улаан хавирган сар нийгэмлэг 84.5 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн баримт байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж