Сагсан бөмбөгийн Үндэсний Супер лигийн тойргийн тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Өчигдөр плэй-оффын байрлалын төлөөх өрсөлдөөнтэй хоёр тоглолт болж, ялагч нь эцсийн мөчүүдэд шийдэгдлээ.
Эхний тоглолт ижилхэн 10 хожил зургаан хожигдолтой “Эрдэнэдрийлинг Ригс” болон “Танан Гарьд” багуудын хооронд болсон. Плэй-оффын байрлалын төлөөх энэ тоглолтонд “Ригс”-ийн легионер Дийн Хэтли бэртлийн улмаас оролцоогүй бол, “Гарьд”-ын ахлагч Г.Ихбаяр эргэн гараанд гарч тоглосон.
Тоглолтын эхний хагас маш тэнцүүхэн үргэлжилж, 45:44-ийн харьцаатай “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн давамгайллаар өндөрлөсөн. Эхний хагаст “Гарьд”-аас Г.Ихбаяр 12 оноо, найман оновчтой дамжуулалт өгч, шилдэг тоглолтоо гаргасан. Харин Ригсээс Маркус Скиннэр 19 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авчээ.
Харин гуравдугаар үед “Танан Гарьд” эсрэг багаасаа илүү оноо авсан. Энэ үед лигийг блокоор тэргүүлэгч Фреддье Вүүдс дараалсан дөрвөн хаалт хийж, хамгаалалтанд гайхалтай байлаа. Ингэснээр гуравдугаар үе өндөрлөхөд “Танан Гарьд” оноог 63:61-ийн харьцаатай хошуучилжээ.
Улмаар энэ тоглолтод 90:89-ийн харьцаатай “Эрдэнэдрийлинг Ригс” 11 дэх хожлоо авлаа. “Ринг”-ээс Маркус Скиннэр 38 оноо, 14 самбар, Н.Золжаргал 15 оноо, Ш.Сэдбазар 11 оноо, С.Өрнүүнбилэг 22 удаа самбараас бөмбөг авчээ.
Харин “Гарьд”-аас Антионо Жонс 18 оноо, Б.Мөнхболд 16 оноо, Г.Ихбаяр 14 оноо, 11 оновчтой дамжуулалт, Фреддье Вүүдс 12 оноо, 15 удаа самбараас бөмбөг авчээ. Гарьд маргааш тойргийн сүүлийн тоглолтоо “TLG-13” багийн эсрэг хийнэ.
Харин өчигдрийн хоёр дахь тоглолт “Энержи Ресурс Харцага” болон “TLG-13” багуудын хооронд болсон. Тойргийн сүүлийн тоглолтоо хийсэн “Харцага”-ын хувьд энэ тоглолтонд хожвол, 12 хожилтой болж, лигийг тэргүүлэх байсан юм.
Гэсэн ч тоглолтын эхний хагаст “TLG-13” тун сайн тоглож, 46:30-ийн харьцаатай хошуучиллаа. “TLG-13” багаас энэ хагаст А.Гансүх 14 оноо, Кендрик Блейк, Г.Цэнгүүнбаяр нар есөн оноо авчээ. Харин “Харцага”-аас Б.Нэмэхбаяр найман оноо авчээ.
Харин “Энержи Ресурс Харцага” баг тоглолтын сүүлийн хагаст сайн тоглож, оноог ойртуулсан. “Харцага” гуравдугаар үед эсрэг багаасаа 14 оноо илүү авч, 54:56-ийн харьцаатай болгон ойртуулжээ.
Тоглолтын үндсэн цаг дуусахаас хоёр секундын өмнө багууд 83:83-ийн харьцаатай оноо тэнцүү “TLG-13” бөмбөгийг нүүрний шугамаас гаргах эрхтэй байсан. Энэхүү хоёр секундэд “TLG-13” багийн довтлогч Г.Цэнгүүнбаяр холын зайнаас довтолж амжилттай болгож, багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэлээ.
Ингэснээр 86:83-ийн харьцаатай “TLG-13” хожлоо. Энэхүү хожил нь “TLG-13” багийн долоо дахь нь юм. “TLG-13” багаас Г.Цэнгүүнбаяр 23 оноо, А.Гансүх 20 оноо, 9 самбар, 8 оновчтой дамжуулалт, довтлогч Э.Дөлгөөн 14 оноо, Кендрик Блейк 13 оноо авчээ.
Харин “Энержи Ресурс Харцага” 11 хожил, долоон хожигдолтой тойргийн тоглолтоо өндөрлүүлж байна. “Харцага”-аас Б.Нэмэхбаяр 24 оноо, Б.Одбаяр 19 оноо, 13 удаа самбараас бөмбөг авчээ.