Монгол Улсын гадаад өр 9,8 их наяд болжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гадаад өр 9,8 их наяд болжээ

Засгийн газрын сайдууд долоо хоног бүр өөрийн яамдын талаар болоод ажлын тайлан, цаашид хийх ажлаа танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн нээлттэй ярилцлагад Сангийн сайд Ч.Улаан оролцож, өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.

Тэрээр юун түрүүнд “Сангийн яам Засгийн газрын шинэчлэлийн гол үндэс болсон санхүүгийн асуудлыг зохицуулахаар ажиллаж байгаа. Төсөв санхүүгий шинэчлэлийн багт Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, аймаг орон нутгийн төрийн сан, санхүүгийн албад багтсан том баг ажиллаж байгаа” гэлээ. Шинэчлэлийн Засгийн газар төсвийн тэнцэл нь 600 тэрбум төгрөгийн алдагдалтай, орлого нэг их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан, хэрэглээний үнийн индекс буюу инфляци түвшин 15 хувьтай, төлбөрийн тэнцэл 160 орчим ам.долларын алдагдалтай, Хүний хөгжил сан нэг их наяд төгрөгийн өртэй, үйл ажиллагааны тулгарсан өр 700 орчим тэрбум төгрөгт хүрсэн Сангийн яамыг “хүлээж авсан” гэв. Өөрөөр хэлбэл, хэт хөөсөн зарлагатай, орлого даахгүй, зарлагатай, төлөвлөсөн ажил нь хүлээгдсэн байдалтай байсан гэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт 9,8 их наяд төгрөгийн өртэй байгаа юм байна. Сангийн яам хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрийг барагдуулахаар зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд нь онцоллоо.

Хөрөнгө оруулалт буурчээ

Өнгөрсөн нэгдүгээр улирлын байдлаар Сангийн яамны орлого төвлөрүүлэлтээс хөрөнгө оруулалтын орлого төвлөрөлт муу байсан гэлээ. Хөрөнгө оруулалт буурсан уу гэвэл буурчээ. Тухайлбал, 2010 онд 1,6 тэрбум доллар байсан бол 2011 онд 4,6 тэрбум доллар болж нэмэгдсэн ч 2012 онд 3,8 тэрбум ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна.  Хөрөнгө оруулалт яагаад буурсан бэ гэдгийг Сангийн яамнаас судалсан байна. Хөрөнгө оруулалт яагаад буурсан талаар Сангийн сайд Ч.Улаан “Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж хөрөнгө оруулалт буурсан гэдэг бол ташаа ойлголт. Шинэчлэлийн Засгийн газар харилцан ашигтай байх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Хамгийн тод жишээ нь Оюутолгой. Энэ гэрээ Монголын ард иргэдэд ашиггүй гэрээ болсон. Үүнийг маш олон эх үүсвэрээр нотолсон байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого буюу харилцан ашигтай байх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хөрөнгө оруулагч бидэнд хэрэггүй гэж бодож байна” гэлээ.

Оюутолгойд баримтын шалгалт хийж байна

Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн тухай албаны хүмүүс мэдээлж байгаа. Тэгвэл Хувь нийлүүлэгчдийн хурлаар хамгийн сүүлд Оюутолгойн төсөл дээр гарсан бүх хөрөнгө оруулалтын зардлын санхүүгийн баримтыг нэг бүрчлэн гаргаж, баталгаажуулахаар болжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Анх байгуулагдснаасаа эхлээд хаанаас, ямар үнээр, ямар тоног төхөөрөмж авсан гэхчлэн мэдээ тайлан байхгүй байсан. Тийм учраас өнөөдөр хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрчихээд, бид учрыг нь мэдэхгүй сууж байна. Монголын Засгийн газраас Оюутолгойд баримтын шалгалт хийх Ажлын хэсэг гаргасан байгаа. Манай Сангийн яамнаас Эрсдлийн удирдлагийн газрын даргаар Ажлын хэсгийг ахалж байна. Оюутолгой компани Олон улсын зөвлөх компани урьсан. Одоо бүх санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн үзэж байна. Тэдгээрийг баталгаажуулсны дараа үргүй зарсан, хэтрүүлсэн гэгдэх маргааныг тасална” гэлээ.

Зээлийн батлан даалтын сангийн ТУЗ-ын даргаар Ц.Орхон ажиллаж байна

УИХ-аас батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах, ажлын байр бий болгох зорилгоор анх удаа Зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулаад буй. Энэ дагуу улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус санд бүрдүүлсэн талаар Сангийн сайд өнөөдөр мэдэгдлээ. Энэхүү сан нь Санхүүгийн зохицуулах хороон дээр байрлаж байгаа аж. Сангийн ТУЗ-ын даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Ц.Орхон ажиллаж байгаа бөгөөд тус санг зөвхөн төсвийн хөрөнгөөр бүрдүүлэхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Улаан өнөөдрийн уулзалтын үеэр дуулгасан юм.  

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж