“Дорнын Бьорк”-ийн тоглолт маргааш болно

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

“Дорнын Бьорк”-ийн тоглолт маргааш болно

Олон улсын жааз хөгжмийн өдөр маргааш тохиох гэж буй. Энэ өдрийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын урилгаар Нүүдэлчний урлагийн эх гэгдэх Тува гаралтай нэрт дуучин Сайнхө Намчылак маргааш 19.00 цагт “I Loft Function House”-д уран бүтээлээ сонирхуулахаар болжээ. Барууны орнуудад дуучин Сайнхө Намчылакыг “Дорнын Бьорк”  гэдэг бөгөөд тэрээр Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон Тувагийн үндэсний хөгжмийг электроник хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг гэнэ. Ийнхүү Олон улсын жааз хөгжмийн өдрийг тохиолдуулан тэрээр өөрийн өвөрмөц уран бүтээлээсээ сонирхуулахаас гадна урилгаар “Алтан ураг”, “Unicorn”,  “Моханик” хамтлаг тоглох ажээ.

Сонирхуулахад, олон улсын жааз хөгжмийн өдрийг 2011 оны арваннэгдүгээр сард болсон ЮНЕСКО–гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганы үеэр дөрөвдүгээр сарын 30-нд тэмдэглэж байхаар тунхаглаж байжээ.

Хязгааргүй бүтээлч чанарыг илтгэдэг жааз хөгжим нь АНУ-аас үүсэлтэй бөгөөд эдүгээ дэлхий дахинд өргөн дэлгэр тархсан юм. Африкийн уламжлалд суурилж, Европын хөгжмийн хэлбэрүүдийг агуулсан энэхүү гайхамшигт хөгжим дэлхий дахины соёл урлагт шинэ өнгө төрхийг нэмсэн гэдэг. Тиймээс жааз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулж, хил хязгаарыг төвөггүй дамнан, хүн төрөлхтнийг нэгтгэж байгааг ЮНЕСКО-гоос онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж