Оросууд Царнаев нарын яриаг нууцаар бичжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Оросууд Царнаев нарын яриаг нууцаар бичжээ

Оросын албаныхан Бостонд бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж буй ах, дүү Царнаев нарын гэр бүлийнхний өнгөрсөн 2011 онд  хоорондоо утсаар ярьсан яриаг бичиж авсан тухай “CBS News” мэдээлжээ. “Associated Press” агентлагт мэдээлснээр Оросын Холбооны аюулгүй байдлын албаныханд Тамерлан Царнаевын  ээж Субейда Царнаев болон АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мөрдөн шалгагдаж байсан ОХУ-ын Кавказын нэгэн эрэгтэйтэй утсаар ярьсан яриаг бичсэн нууц бичлэг байгаа аж. Түүнчлэн Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхны нууцаар бичсэн Царнаевийн гэр бүлийнхий утсаар ярьсан ярианууд дунд Тамерлан Царнаев нэгэн хүнтэй Пакистан руу нүүх тухай зөвшилцөж буй тухай бичигдсэн гэнэ.

Америкийн мөрдөн байцаах албаныхны үзэж буйгаар ах, дүү Царнаев нарыг лалын хэт даврагч Анвар аль-Авлаки, Куйжано зэрэг бүлэглэлүүдийн интернэт ухуулга, сургаалд хэт автсан гэнэ. Мөн ах, дүү Царнаев нарын нагац ах Руслан Царнигийн мэдээлснээр Субейда Царнаев нь лалын шашны хэт үзэлтэй нэгэн бөгөөд түүний үзэл бодол хүүхдүүдэд нь хүчтэй нөлөөлсөн аж. Харин Субейда Царнаев дээрх мэдэгдлийг эрс үгүйсгэж, өөрөө болон хөвгүүдээ лалын хэт үзэлтэн биш хэмээгээд, АНУ-ын албаныхан тэднийг хилсээр гүтгэж байна хэмээн буруушан мэдэгдэл хийсэн юм.

Бостоны марафон тэмцээний үеэр халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн Тамерлан Царнаев нь Холбооны мөрдөх товчооныхонтой буудалцах үеэр амь үрэгдсэн бол дүү Жохар нь хүзүү, хөлөндөө шархтан эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Жохар Царнаев нь хүзүүндээ шархдсаны улмаас ярьж чадахгүй болсон бөгөөд бичгээр байцаалт өгч байгаа юм. Түүнчлэн Жохар байцаалтын явцад Афганистан, Ирак дахь дайны улмаас лалын шашинт энгийн иргэдийн олноороо амь үрэгдэж буйд уурлаж, хорсдог тухайгаа хэлсэн байна.

Үүний зэрэгцээ Холбооны мөрдөх товчооноос өчигдөр Жохар Царнаевын сурч байсан коллежийн ойроцлоох 96 метр газарт хоёр өдрийн турш хийсэн нэгжлэг, самналтаа дуусгажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж