Хуур.mn интернэт худалдааг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Хуур.mn интернэт худалдааг эхлүүлнэ

Хөгжим мэдээлийн www.xyyp.mn сайт өнөөдөр "Монголньюс" мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлан, шинэ төслөө танилцууллаа. Байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байгаа уг сайт нь Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар цогц мэдээлийг  дагнан хүргэдэг вэбсайт юм. Тэд байгуулагдсан цагаасаа оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн, шинэ уран бүтээлчид болон урлагийн шилдгүүдтэй хамтран ажиллаж, тэдний шинэ уран бүтээлийг сонсогч, үзэгчдэд хүргэсээр ирсэн юм. Одоогоор тус сайтад 500 орчин уран бүтээлчийн 7000 гаруй дуу, 1800 клипийг байршуулан, интернэт хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн Р3 радио 100.9, "Лавайн эгшиг" радио 97.5, "Их Монгол" радио 99.7, Гэр бүлийн радио 104.5, "Элгэн нутаг" радио 96.9, "Улаанбаатар" радио 102.5, "Нандин" 105.5, "Хамаг Монгол" радио 95.0 FM-үүд интернэтээр шууд дамжуулан хөгжим сонирхогч залууст ойртуулаад буй.

Тус сайтынхан өнөөдөр тавдугаар сарын 13-наас эхлэн хамтлаг, дуучидтай хамтран уран бүтээл, цомгийг нь цахим сайтаараа дамжуулан хүргэх интернэт худалдаа эхлүүлж байгаагаа дуулгалаа. Уг шинэ төслийг хэрэгжүүлснээр уран бүтээлчдийн бүтээлийн оюуны өмчийг хамгаалах, нийтэд түгээх, хүргэх, хэрэглэгчдэд нэг дороос Монголын уран бүтээлчдийн хүссэн бүтээлийг татаж авах боломж олгож байгаа гээд олон давуу талтай юм. 

Уг төслийн удирдагч С.Дөлмандахтай уулзаж, шинэ төслийн талаар ярилцлаа.

-Энэ төслийг хэрхэн хэрэгжүүлэх болов. Одоо ямар шатандаа явна?

-Өнгөрсөн хугацаанд бид хамтлаг, дуучид, сонсогч, хөгжим сонирхогчтой нэлээд ойр дотно ажилласан. Энэ тохиолдолд хэд хэдэн бэрхшээлтэй асуудал байсан. Үүнд нийслэл даяар 30 гаруй фм, радио үйл ажиллагаа явуулдаг учраас уран бүтээлч шинэ гарсан дуугаа бүгдэд нь тараахад хүндрэлтэй байдгаас гадна аваачиж өгсөн ч тэдний хүссэнээр түгээж өгдөггүй зэрэг асуудлууд байсан. Нөгөө талаас родионууд Монголын уран бүтээлчдийн дууг явуулах гэхээр тэр бүр шинэ дуу хангалттай ирээд байдаггүйгээс болоод Монгол дууны цагаа багасгасан гээд хамтын ажиллагаанд доголдол үүссэн. Манай вэбсайтаар нийслэлийн шилдэг фм, радионууд шууд цацагдаж байгааг ашиглан өөр фм, радионуудтай хамтарч ажиллах талаар ярилцан санамж бичигт гарны үсэг зурж, уран бүтээлчид манай дээр ганцхан дуунуудаа байршуулан бид хамтлаг, дуучдаа хүсвэл цааш нь фм, радинуудад түгээе гэдэг зүйлийг хийхээр болсон. Хамтын ажиллагааны хүрээнд хамтлаг дуучдын уран бүтээл бидэнд цаг алдалгүй ирээд байвал цаашид фм, радионууд монгол дууны цагаа нэмэн, шинэ уран бүтээлийнх нь талаар танилцуулсан мэдээлэл хүргэх боломж байгаа гэдэг дээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

-Хэрэглэгчдэд ямар үйлчилгээг санал болгох вэ?

-Хамтлаг дуучдыг илүү дэмжих, хэрэглэгчдийг орчин цагийн шинэ хэрэглээнд дасгах сургах ажил байгаа. Монголчууд бидэнд өнөөдрийг хүртэл оюуны өмчийг зохих журмынх нь дагуу ямар нэгэн хууль зөрчихгүйгээр хэрэглэх боломж нь маш хязгаарлагдмал байсан байна. Өөрөөр хэлбэл, би дуу сонсмоор байхад түүнийг хууль ёсны дагуу олж авах ганцхан арга бол тухайн уран бүтээлчийн цомгийг худалдаж авах. Гэтэл уран бүтээлчдийн ихэнх дуунууд түүний цомогт орж чаддаггүй. Тэр нь худалдаалагддагүй. Түүнийг хэрэглэгчид хаа нэгэн газраас хайж байгаад татаж авдаг бөгөөд түүнийгээ хулгайн маягаар ашигладаг байсан. Энэ нь маш олон муу үр дагавартай бөгөөд уран бүтээлчдийн оюуны өмчийг үнэгүйдүүлнэ. Үүнийг л бид шийдэж болох юм байна гээд бүх банкуудтай өнөөдөр холболтын системээ хийчихлээ. Өнөөдөр бид хамтлаг дуучидтай бидэнтэй хамтарч ажиллаач ээ, бид вэбсайт дээрээ үнээ тохиролцоод танай уран бүтээлийг тавья. Ингэснээр хэрэглэгчдэд төлбөрийн картаараа төлбөрөө төлөөд дуртай дуугаа татаж авах боломжийг нээж өгье гэж байна. Хууль ёсны зөв хэрэглээг бид дэмжин ажиллах ёстой юм.

-Тухайн нэг дууг татаж авах үнэ дунджаар хэдэн төгрөг байх бол?

-Уран бүтээлч бүрийн дууг хайрцагт оруулан нэгэн жигд үнэлэх боломжгүй юм. Хэдийгээр дуу бүр харилцан адилгүй үнэтэй байх ч хэрэглэгч талаасаа өндөр биш үнэ дунджаар 500 төгрөг гарах болов уу. Гэхдээ энэ маань юунд зориулагдаж байна вэ гэхээр та оюуны өмчийн хулгай хийхгүйгээр зарцуулж байгаа багхан хэмжээний мөнгөөрөө дамжуулан хайрладаг, хүндэлдэг уран бүтээлчийнхээ дараагийн уран бүтээлээ хийх урам зориг санхүүгийн дэмжлэг болж очих юм гэдгийг л бид сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас хүмүүсийн дунд байсан цомог авахын тулд заавал цаг заваа гарган дэлгүүр очиж, тухайн дуугаа олохын тулд каталоги шүүх зэрэг үйлдийг нь хөнгөвчлөн онлайн худалдаагаа MP3 буюу файлаар болон цомгоор нь зарж эхэлнэ. Гадаадад байгаа монголчууд шинэ уран бүтээл, цомгийг олохыг тулд Монголд байгаа хэн нэгэндээ захин цаг алдахгүй шууд шинэ соргогоор нь хүлээн авах болмож нээгдэнэ. Зөвхөн гадаадад гэлтгүй дотооддоо ч бид онлайн худалдааг эрхлэхийн сацуу Улаанбаатар шуудантай хамтран таны худалдан авахыг хүссэн цомгийг нэг өдрийн дотор Улаанбаатар дотор гэрт тань буюу хүссэн хаяг руу нь хүргэж өгөх үйлчилгээг нээж байгаа.

-Эхний ээлжинд ямар хамтлаг, дуучидтай хамтарч ажиллаж байна?

-Бид олон хамтлаг, дуучидтай уулзаж, ярилцан бүх зүйлсээ тохирсон байгаа. Үүнд, “Харанга” хамтлаг, Поп дива Б.Саратуяа, Т.Ариунаа гээд урлагийн томчууд болон шинэ залуу “Anemone” хамтлаг гээд хамтлаг, дуучидтай гэрээ хийсэн байгаа. Тэдний маань ярьж буй нэг л асуудал бол өнөөдрийг хүртэл бид ийм хууль ёсны дагуу дуу худалдаж авах боломжтой вэбсайт нээгдээсэй гэдгийг хүлээж байсан. Өнөөдөр ийм боломж нээгдэж байгаад баяртай байна. Тиймээс бүх талаараа дэмжээд хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг бидэнд илэрхийлсэн.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж