Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийг Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үсэг зурсан байна. “Энэхүү дэд хөтөлбөр батлагдан хэрэгжсэнээр гамшгийн эрсдлийг бууруулах сайн дурын бүлэг, иргэдийн гүйцэтгэх үүрэг, хариуцах үйл ажиллагаа, иргэд төрийн байгууллага хоорондын харилцан уялдаа, зохицуулалт хангагдах, гамшгаас хамгаалах нөөц, хангалтыг төрийн болон олон нийтийн хувь оролцоотойгоор бүрдүүлэх юм. Мөн иргэдийг сайн дурын журмаар гамшгаас хамгаалахад татан оролцуулах, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг үнэлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог бүс, орон нутгийн байгаль цаг уур, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөвтэй уялдуулан хэрэгжүүлэх эхлэл тавигдана” гэдгийг ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үсэг зурах ажиллагааны үеэр онцолсон тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж