НӨАТ-ын асуудлаар онлайн хэлэлцүүлэг өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын асуудлаар онлайн хэлэлцүүлэг өрнүүлнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий гишүүдийн хамт санаачлан боловсруулж өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөрөө онлайн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын санаачилсан энэ хуулийн төсөлд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босго 10 сая төгрөгийн борлуулалтын орлогын хэмжээг 200 сая төгрөг байхаар тусгажээ. Аж ахуйн нэгжийн борлуулалтын жилийн орлого нь 10 сая төгрөгт хүрвэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байхаар хуульчилсан 2006 оны хуулийн заалт нь жижиг аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгох биш харин ч татвараас зайлсхийхэд хүргэдэг, дарамт шахалт болж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Татварын ерөнхий газрын гаргасан мэдээллээр улсын хэмжээнд жилдээ 10 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 21470 аж ахуйн 82.2 тэрбум, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуйн нэгж 612.8 тэрбум, харин 200 саяас дээш төгрөгийн орлоготой 5731 аж ахуйн нэгж 24.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төлсөн гэсэн дүн мэдээ гарсан байна. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босгыг өндөрсгөснөөр хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх татварын дарамтыг бууруулж, санхүүгийн хувьд хөл дээрээ босч үйл ажиллагаагаа тогтмолжуулах, цаашид тоомохон татвар төлөгчид болж өсч дэвжих боломжийг нэмэгдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Гэвч энэ оны гуравдугаар сард өргөн барьсан уг хуулийн төслийг Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн, мөн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй, хэлэлцэх эсэхийг хэзээ шийдэх нь тодорхойгүй байгаа учраас төсөл санаачлагч гишүүд “Онлайн ПР” агентлаг болон Zindaa.mn сайтаас санаачлан өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн “Онлайн Парламент” төсөлтэй хамтран хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдсэн байна.

“Онлайн Парламент”-ын зүгээс уг хуулийн төслийг хоёр долоо хоногийн хугацаанд он-лайнаар хэлэлцүүлж иргэдийн саналыг авсны дараа төсөл санаачлагчид, салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй сонсгол зохион байгуулж, төслийг “Онлайн Парламент”-аар хэлэлцсэн үр дүнгийн талаархи санал, дүгнэлт, энэ талаархи иргэд, олон нийтийн саналыг төсөл санаачлагч гишүүд болон УИХ-ын удидлагад хүргүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хуралд оролцсон “Онлайн Парламент”-ын гишүүд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж