Төсвөөс гадуурх зардлыг төсөвт тусгахыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Төсвөөс гадуурх зардлыг төсөвт тусгахыг санал болгов

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн улирлын тойм гаргаснаа сэтгүүлчдэд танилцуулахын сацуу  төсвөөс гадуурх зардлын талаар сургалт явууллаа. Сургалтын эхэнд Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс байгууллагынхаа талаар товч танилцуулга хийсэн юм. Түүний өгүүлсэнчлэн дэлхийн банк Монгол орны хот хөдөөг бүхэлд нь хэрэн олон зуун төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, монголчуудтай танил болсон гэдгийг онцолж байлаа. Харин өнгөрсөн улирлын эдийн засгийн тайлангийн хувьд таагүй үр дүн үзүүлснийг хэлээд төр засгийн төвшинд анхааруулга санамж их байгааг хэлсэн юм. Энэ удаагийн сэтгүүлчдийн сургалтыг  “Монгол Улсын төсвийн байдал, сорилтууд” сэдвээр Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Tae Huyn явуулсан юм. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 12,3 хувьтай байсан бол энэ онд ч энэхүү амжилтаа алдахгүй байх магадлал бий гэнэ. Өөрөөр хэлбэл  2013 онд эдийн засгийн өсөлт 13 хувьтай байх хэдий ч Монгол улсын төсвийн нийт тэнцэл ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэж ноён Tae Huyn онцлов. Түүнчлэн манай улсын гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байхын дээр инфляцийг хочр оронтой тоо руу алдах магадлал өндөр байгааг сэрэмжлүүлэв. Энэ бүх таагүй үзүүлэлт дундаас тэрбээр төсвийн зардал асар өндөр байгааг анхаарахгүй байхын аргагүй ажээ. Учир нь Монгол Улс төсвийн алдагдлаа ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар хуулиндаа заасан хэдий ч эхний улирлын байдлаар хэдийнээ зургаан хувьд хүрчихээд байгаа гэнэ. Энэхүү алдагдал дээр төсвөөс гадуурх зардал буюу Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилт зэргийг нэмж тооцвол дээрх хувь хэмжээ ДНБ-ний 13 хувьд хүрэх аюул бий ажээ. Хөгжингүй орны туршлага, жишгээр бол хөрөнгө оруулалтыг зардал, гаднаас босгосон бонд болон бусад хөрөнгө оруулалтыг өр гэж үздэг ажээ. Гэтэл манай улсын Засгийн газар Чингис бондоор босгосон хөрөнгийг төсөвт тусгахгүй байгаа нь муу үр дагавартайг Дэлхийн банкнаас анхааруулав. Төсвөөс гадуурх зардлын талаар мэдээлэл хомс байгаа нь  тухайн төсөл хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг төдийгүй буцааж төлөх татвар төлөгчдөд ойлгомжгүй байдал бий болгодогийг Чингис бондоор жишээ татан тайлбарлав. Тиймээс аливаа төсвөөс гадуурх зардлыг ямар нэг байдлаар төсөвт тусгадаг болох нь алсдаа өгөөжтэй гэдгийг сануулж байлаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж