Ухна ишигний зовлонг ойлгох уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Ухна ишигний зовлонг ойлгох уу?

Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг гарчээ. УИХ-ын гишүүдийн хөрөнгийн хэмжээ хүмүүсийн анхаарлыг хамгаас илүү татах нь мэдээж. Яагаад гэвэл тэд ард түмний төлөөлөл гэж бид бардамнадаг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлгийг хараад бид чинь хэнийг сонгосон юм бэ гэсэн цочирдол эрхгүй төрлөө. Тэд бидний төлөөлөл биш, харин хөрөнгө мөнгөтнүүдийн төлөөлөл юм байна. Нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн сэтгэл судлаачийн сургалтад сууж байхад биднийг эхлээд сандал дээр зогсоогоод дэргэдээ байгаа хүнийг харахыг зөвлөсөн юм. Сандал дээр зогсоо хүмүүст газарт үлдэгсдийг яавал ч яачихаж болохоор сэтгэгдэл төрдөг юм билээ. Харин буцаад сандлаас буухаар сандал дээр зогссон хүмүүс их л өндөрт байгаа мэт санагдсан. Яг л тийм явдал Монголын улстөрд бий болжээ. Үнэндээ энэ УИХ, Засгийн газрын гишүүд ганц бус давхар давхар олон сандлын дээр зогсож байна. Толгойн орой дээрээс тоомжиргүй харах тэдний нүдэнд сонгогчид нь сонгуулийн өмнөх өдрүүдээс шал өөрөөр харагдаж байгаа. Тэд хоногийн хоолгүй гэдэс дундуур явахын зовлонг мэдэхгүй. Сарын 300-500 мянган төгрөгөө хэрхэн хэмнэж, идэх уухаасаа илүүчлэн өмсөх зүүх билээ гэж толгой өвтгөж үзээгүй. Бусдын төлөө зүрхээ зүсүүлэн байж зүтгэдэг ч өөрийнхөө амьдралыг ганд нь хаячихаад инээн суух уран бүтээлчийн “гашуухан жаргал”-ыг мэдрээгүй.  Тэгэхээр тэд бидний төлөөлөгч мөн үү.

Цөөн хэдэн эмэгтэй гишүүд сардаа 800 мянган төгрөг буюу жилд 9,6 сая төгрөгийн орлготой гэж мэдүүлжээ. Гэтэл цаана нь гэр бүлийн гишүүдийн орлого хэдэн зуун мянгаар тоологдох ажээ. Тэрбумтнууд бол зөндөө. УИХ-ын гишүүн  Д.Бат-Эрдэнэ 20 тэрбум төгрөг,  Б.Чойжилсүрэн  зургаан тэрбум төгрөг,  Ж.Энхбаяр  4,2 тэрбум,   Сү.Батболд  3,2 тэрбум төгрөг,   М.Сономпил 1,1 тэрбум төгрөг гээд тоочоод байвал уртын урт жагсаалт болно. Засгийн газрынхан ч ялгаагүй “тэнгэрийн амьтад” юм байна.

Хөрөнгөтэй бэлтэй хүмүүст атаархсандаа ийн бичиж буй мэт танд санагдаж байна уу. Тэгвэл огтхон ч үгүй гэдгийг хэлье. Гагцхүү машиныг гаригаар нь сольж гангардаг тэр хүмүүс эгэл иргэдийн амьдралыг мэдэхгүйгээс амьдралаас тасарсан, хэт хуурай хууль, дүрэм журам гаргаад байгааг л хэлэх гэсэн юм. Олон хүүхэдтэй эхийг урамшуулна, сар тутам мөнгө олгодог болно л гэнэ. Хэн тэр мөнгөний төлөө хүүхэд тээж төрүүлэх вэ. УИХ, Засгийн газрын гишүүн бүсгүйчүүд, тэдний эхнэрүүд лав биш. Учир нь тэдэнд төрөөс олгож буй мөнгө дуслын чинээ ч тус болохгүй. Харин өнөөх л гэр хорооллын, ажилгүй, нөхрийнхөө хэдэн бор төгрөгөөр амьдралаа залгуулагсад жирэмсэлнэ. Тэднээс мөн л өлөн зөлмөн амьдралдаа сэтгэл дундуурхан үрс төрж, аав ээжийнхээ л замыг туулан, тэднийгээ  хуулсан мэт амьдарцгаах болно. Шат шатны сонгуулийн үеэр л харагддаг өндөр дээр зогсогчдод бол ийм амьдралтай сонгогч олшрох тусам баярлана. Учир нь өлөн ходоод л  хоолонд хууртана. Цатгалан байлгах юм бол цаад наад учрыг мэдчих гээд байдаг хэцүүхэн авир монгол хүн бүрт бий. Тиймээс сандал дээр зогссон чигтээ хаа нэг набор, талх, махны мөнгө хаясан шигээ бизнесээ өргөжүүлэхийн тулд тэд сонсогчдынхоо уяаг нь богинохон, угаадсыг нь багахан байлгахыг л хүснэ шүү дээ.

Магад УИХ, Засгийн газрын гишүүд дунд юмыг яаж мэдэх вэ хэмээн ирээдүйд олох орлогоо нэмж мэдүүлсэн хүмүүс бий л байх. Эс тэгвээс ирэх жилийн ХОМ бүхнийг илчилнэ. Мөн зарим нэг орлогоо нуун дарагдуулсан нь ч бий. Нэмсэн, хассаны алин байлаа ч тэд биднээс тасарчихжээ. Ухна гуай ишигний зовлонг ойлгох болов уу.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж