Хүүхдүүд “Найрамдал”-д сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд “Найрамдал”-д сургалтад хамрагдана

Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Эх орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Хүүхдийн Найрамдал төв, “Иргэн Та Баялаг” сан хамтран хэрэгжүүлж буй бөгөөд “JCI Монгол” ТББ, Монголын Скаутын холбоо, Монголын эмэгтэй скаутын холбоо дэмжин ажиллаж буй юм байна.

“Эх орон 36” хөтөлбөрийн нээлт тавдугаар сарын 18-ны өдөр “Найрамдал” төвд болох хоёр өдрийн шаталсан сургалт явагдах юм байна. Хөтөлбөрт нийслэлийн зургаан дүүргийн 14-16 насны 3300 хүүхэд хамрах бөгөөд Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан дээр 2-4 хоногийн шаталсан сургалт хөтөлбөрөөр хангагдах юм. Хүүхэд албан боловсролоос гадуур өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн шинэ шинэ мэдлэг дадал чадвар эзэмших, олон талт хөгжлийн хэрэгцээ үүсдэг байна. Хүүхэд, өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх цогц үйл ажиллагааг хүүхдэд санал болгож, сонголт хийх боломж олгоход чиглэгдэнэ.

Одоогоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  9, 12, 45, 65, 62, 67, 74, 76, 104, 105, 106, 107, 121, Ирээдүй цогцолборын ахлах, дунд сургуулиудын нийт 250 эрэгтэй, нийслэлийн Баянзүрх дүүргийн Амгалан, Баянзүрх, Шавь цогцолбор, 14, 21, 33, 44, 48, 53, 55, 79, 84, 85, 87, 88, 92, 97, 102, 111, 120-р сургуулиудын нийт 250 эмэгтэй сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдаад байгаа юм.

Өнөөдөр хөтөлбөрийг хэрэгжүүлэгч болон дэмжигч байгууллагууд, сурагчдын төлөөлөл оролцсон байна.

        Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж