Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сард хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сард хийнэ

Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн хийх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гээд эцэг, эхчүүд цэцэрлэг дээр эртлэн ирж, олон цагаар оочерлодог байдал байсан. Энэ жил ямар байх вэ?

-Энэ жил цэцэрлэгт бүртгүүлэх гэж оочерлохгүй. Ийм байдал гаргуулахгүйн тул холбогдох арга хэмжээг авч байна. Гол шалтгаан нь мэдээлэл ил тод, нээлттэй биш, зохион байгуулалт тодорхойгүй байсантай холбоотой.  Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд иргэдэд хүүхдээ аль цэцэрлэгт, ямар хугацаанд бүртгүүлэх, бүртгүүлэхдээ юу авч ирэх тухай мэдээллийг иргэдэд нээлттэй болгож, шуурхай хүргэх, бүртгэлийг дараалал, бухимдал үүсгэхгүйгээр оновчтой зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна.

-Бүртгэлийг яаж хийх юм бэ?

-Энэ жил зохион байгуулалтыг өөр болгож байгаа.  Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд аль цэцэрлэгт ямар хороо, багийн хүүхдүүд бүртгүүлэх вэ? гэсэн хамран сургалтын судалгааг зургадугаар сар гэхэд дуусгаж, хороо, багаар дамжуулан,  цэцэрлэгийн бүртгэлийн урилгыг өрхүүдэд хүргэнэ. Мөн нийтэд зарлана. Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт авч ирэхийг ч нийтэд тодорхой зарлана.  Ер нь бол иргэдэд аль болох чирэгдэл учруулахгүйгээр бүртгэнэ.  Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг өрхийн эмнэлгээс авах, дахиж өгөх шаардлагагүй эрүүл мэндийн шинжилгээг эцэг, эх, иргэдээс нэхэж тэдэнд хүндрэл, бэрхшээл үүсгэхгүй байх гэх мэт жижиг юм шиг боловч иргэдэд төвөг учруулдаг байдлыг арилгана.

-Бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Цэцэрлэгийн хамран сургах тойргийн судалгааг 6 дугаар сар гэхэд дуусгана. Харин бүртгэлийг наймдугаар сарын 19-28-ны хугацаанд хийнэ. Бүртгэлийн хугацаанд эцэг, эхчүүд өөрийн боломжтой цагтаа цэцэрлэг дээр очиж, баталгаажуулаад л болоо. Бүртгэлийг ажлын цагаар өдөр бүр хийнэ. Нэг цэцэрлэгт дунджаар 20-60 хүүхдийг л шинээр элсүүлж бүртгэх болохоор 8 хоногийн хугацаанд ямар нэгэн оочер дараалал үүсэхгүй.  Тухайн цэцэрлэгт нэг өдөрт дунджаар 3-7 хүүхэд бүртгүүлэхэд л 8 хоногийн дотор бүртгэх бүх хүүхдээ бүртгэж дуусна гэсэн үг.  

-Цэцэрлэгүүд хамран сургах тойргийнхоо хүүхдийг л сургана гэсэн ойлголт байгаад байх шиг?

-Цэцэрлэгт одоо сурч байгаа хүүхэд өөр хамран сургах тойргийн хүүхэд байлаа ч одоо явж байгаа цэцэрлэгтээ үргэлжлүүлээд явж болно. Хамран сургах тойрог нь шинээр элсэх хүүхдийн хувьд л хамаарна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж