Аавуудад зориулсан дуун суварга

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Аавуудад зориулсан дуун суварга

Дуу бүхэн түүхтэй, зориулсан эзэнтэй байдаг. Тэрхүү гэгээн түүхээс уншигч танаа хүргэх "Эзэнтэй дуу" булангийн дугаарт яруу найрагч С.Амартайван, Ардын жүжигчин А.Энхтайван, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд нарын хамтын бүтээл "Олонтой явсан аав" дууны түүхийг хүргэж байна. Энэ дуу 2004 оны "Морин хуур" наадмын тэргүүн шагналыг хүртсэн даруйдаа хит болж одоо ч дуулагдсаар байгаа билээ. С.Амартайвангийн аавдаа зориулж бичсэн шүлэг дуу болж, олон хүний аавдаа зориулсан дуун суварга болсноороо онцлог. Түүний аав нутаг усандаа адуучин Сумъяа гэж хүндлэгдсэн морь сайн таньдаг малч удмын сайхан буурал байсныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан дурсдаг. Дуу хэрхэн бүтсэн тухай уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

С.Амартайван: Аав нутаг хоёроо мөнхөлсөн

-Аав минь бурхан болж 2003 оны арванхоёрдугаар сарын 9-нд нутаглуулж зогсохдоо би аавыгаа гомдоогоогүй гэдгээ ойлгосон. Бурханы оронд одоход нь сүнсийг нь баярлуулж найраг хөгжөөж дуун хөшөө босгоё гэж бодсон. 2004 оны хавар Баруун-Уртаас Улаанбаатар орох замд "Олонтой явсан аав" шүлгээ бичсэн. Замд хамт явсан нэг хүн аавыгаа бурхан болоод удаагүйг ярьж "Одоо ч гэсэн гэртээ харихад аав минь байгаа юм шиг бодогддог" гэсэн нь "Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ, итгэж чадахгүй л юм даа" гэсэн шүлгийн мөр болж сэтгэлд буусан. Тэр маань олон хүний дуулах дуртай дуу болсон. Бургастын гол, Харгилтайн гол, Хонгорын гол, Зотол хайрхан уул гээд миний аавын хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутаг дуунд мөнхөрч монгол түмэн мэддэг болсонд би бахархдаг.

А.Энхтайван: Дуу дуугаа далладаг юм

-Би С.Амартайвантай хамтарч олон сайхан дуу бүтээсэн. "Аравгар хээр" дууг хамтарч бүтээгээд клипийг нь хийхээр Өвөрхангай аймаг руу явах замдп "Олонтой явсан аав" шүлгээ уншиж өгөөд ая нь шууд санаанд санаанд буусан. Дуу дуугаа ингэж далладаг юм. Хөгжмийн зохиолч, дуучин, бид гурвуул аавдаа зориулсан сайхан дуу бүтээлээ гэж баярлаж явдаг.


Б.Батболд: Миний аз таарч дуулсан

-Дуу Өвөрхангай аймгийн нутагт аян замд бүтсэн юм билээ. Хотод ирээд дуучнаа нууцхан хайж байсан гэдэг. Тэр үед миний аз таарч дуулсан. Дуугаа "Ая дан" студид бичлэгт оруулж, тэр жилээ "Морин хуур наадамд" түрүүлснээр олонд түгсэн.

Олонтой явсан аав

Үг. С.Амартайван
Ая. Ардын жүжигчин А.Энхтайван

Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ итгэж чадахгүй л юм даа
Нонинд унадаг номхон хээр нь ижил дундаа явна даа
Хонгорын голын усан минь урсдагаараа урсаад байна даа
Хоймор эзгүй аав минь ухаан санаанд ургаад байна даа

Дэндүү олонтой аавыг минь
Дээлтэй өвгөд нь дурсаад байна даа
Дэнж бүрхсэн адуундаа
Дэлтэй морьд нь үүрсээд байна даа

Хурмастын үүл нь хуйлраад байна даа хурын улирал дөхлөө дөө
Хувьхан заяаны ерөөлтэй үр нь хошуу нутгаа дуулна даа
Хулстайн голын усан минь хурдалж түргэлж урсаад байна даа
Хуучилж суудаг аав минь хуурын эгшгэнд ургаад байна даа

Дахилт

Хаврын зэрэглээнд өндөлзөнө дөө зотол хаан уул минь
Хатиган хошууны ахан дүүс зовлон жаргал нэгтэй дээ
Харигалтайн голын усан минь харигалж даргилж урсаад байна даа
Ханхайж завилсан аав минь халуун сэтгэлээс гарахгүй л юм даа

Дахилт

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж