Лагард эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2013.05.19-нд нийтлэгдсэн

Лагард эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр мэдүүлэг өгнө

Францын улстөрч бөгөөд бизнесмэн Бернар Тапи гэгч 1993 онд “Adidas” компанийг тус улсын ерөнхийлөгч асан Николя Саркозиийн ойрын хамаатнуудад зарсан хэрэгт холбогдуулан Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардаас мэдүүлэг авахаар болжээ.

Кристин Лагард Францын Эдийн засаг, санхүүгийн сайдаар ажиллаж байхдаа дээрх хэрэгт оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр тавдугаар сарын 23-нд шүүхэд мэдүүлэг өгөх аж. Энэ хэрэгтэй холбогдуулан Францын мөрдөн байцаагчид Лагардын гэрт нэгжлэг хийсэн юм.

Засгийн газрын гишүүдийн гэмт хэргийг мөрдөх Францын Бүгд найрамдах улсын шүүх тус орны Сангийн сайд асан Кристин Лагард  эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж магадгүй гэсэн хэргийг 2011 оны наймдугаар сард Мөрдөн байцаах комисст дамжуулан шилжүүлсэн байв. Лагардын хэрэг нь ерөнхийлөгч Саркозийн ойрын хамаатнуудад  Adidas компанийг Францын улстөрч бөгөөд бизнесмен Бернар Тапи 1993 зарсантай холбоотой.

Adidas компанийг зарахын тулд тусгай консорциум байгуулсан улсын хагас хяналттай Credit Lyonnais банк орсон байв. Наймаа хийгдсэний дараа уг банкийг залилан хийсэн гээд Тапи шүүхэд хандан нөхвөр авах хүсэлтээ гаргасан байв. Урт хугацаагаар шалган шүүсний дараа Лагард сайд байхдаа хэргийг хурдасгахаар арбитрийн шүүхэд Тапигийн хэргийг шилжүүлэх шийдвэрийг 2007 онд гаргасан байжээ. 2008 онд Арбитрийн шүүх засгийн санхүүгийн нэгэн бүтцээс Тапид нөхвөр болгон 240 сая еврог гаргуулахаар болсны дээр олон жилийн хүүгийн 100 сая евро болон сэтгэл санааны хохирлын 45 сая еврог төлбөрт гаргуулжээ.

Нөхвөр төлөх шийдвэр нь ихээхэн дуулиан босгосон ба тэр үеийн сөрөг хүчин Социалист нам нөхвөрийг улсаас гаргуулах шийдвэрийг эрх баригчдын шахалтаар хийсэн гэж үзсэн юм. Ингээд социалистуудын гомдлыг хоёр жилийн өмнө авч үзэхээр болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж