Монголд 32 эмийн үйлдвэр бий гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Монголд 32 эмийн үйлдвэр бий гэнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эрүүл мэндийн даатгал, санхүүжилттэй холбоотой тендер будлиулсан гэх маш олон асуудал гарч байгаа. Энэ асуудлыг зохицуулсан зохицуулалт хуульд тусгагдсан уу” гэж тодруулсан юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвал:-Эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа Тендерийн хуулиар зохицуулагдаж байгаа. Эрүүл мэндийн хуультай шууд холбогдолгүй . Тиймээс Тендерийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд анхаарах шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Дэлхий даяар хуурамч эмийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Иймд эмийн худалдаа, чанарт анхаарал хандуулах хэрэгтэй. Цаашид Монгол Улс ямар төрлийн эм дотооддоо үйлдвэрлэх, ямар эмийг импортоор авах асуудлыг тодорхойлох шаардлага бий. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эмийн хангамжийн зах зээл дээр хуурамч эмийн худалдаа хэчнээн хувь эзэлж байгаа судалгаа байна уу. Мөн эмийн бөөний худалдааны төв дээр яам онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч чанарын баталгаагүй эмүүд импортоор орж ирж худалдаалагдаж байна. Үүнд тодорхой хариулт өгөөч гэсэн юм. Салбар хариуцсан сайдын тайлбараар Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн нэг гол зорилт нь эмийн аюулгүй байдлыг хангахад чиглэжээ. Энэ хүрээнд эмийн чанар аюулгүй байдлыг яаж шинэчлэх бодлогыг тодорхойлсон. Одоогоор Монгол Улс 40 гаруй орноос эмээ импортоор авдаг. Жилдээ 160 тэрбум орчим төгрөгийн эмийн зах зээлийн багтаамжтай байна гэж үзэж үүнээс 89 тэрбум төгрөг нь иргэдийн эм хангамжид, үлдсэн нь эмийн сангуудаар дамжиж иргэдэд хүрэх болжээ. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт эм хангамжийн 13 хувь нь чанарын баталгааг хангаагүй байна гэсэн судалгаа гарсан аж. Эм ханган нийлүүлэх үйл ажиллагаанд хамгийн чанартай, үйлчилгээ сайтай эмийг ханган нийлүүлэх улсын оролцоотой төвлөрсөн эм хангамжийн байгууллага байвал хангамжийн шатанд бар код системийг нэвтрүүлж үйлчилгээг сайжруулах чанарын баталгааг хангах бодлого барьж ажиллах болсон байна. Мөн цахим эм олголтыг хэрэгжүүлснээр эм олголтын чанарыг баталгаажуулах арга замыг хуулинд тусгахаар болжээ. Монгол Улсад 32 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Химийн үйлдвэрлэл хөгжсөн газарт эмийн үйлдвэрлэл хөгждөг. Хамгийн сайн чанартай эм үйлдвэрлэж байгаа үйлдвэрийг дэмжих бодлогыг төрөөс барьж байгаа. Түүнчлэн улсын болон хувь хосолсон эм хангамжийн үйлдвэрлэлийг мөн дэмжиж ажиллана. Чанарын өрсөлдөөнөөр тодорхой байр суурь эзэлдэг шударга өрсөлдөөний механизмыг дэмжих шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа аж.

Үндсэн чиглэлтэй холбоотойгоор боловсролын салбарт баримтлах бодлогын хүрээнд мөн асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь , “Манай улс их, дээд сургуулийн тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Харин дээд сургууль төгсөгчдөөс тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар эзэмшсэн хүн маш цөөн байдаг. Өнөөдөр байшингийн орц, хонгилд хичээллэдэг 100 хүрэхгүй оюутантай сургууль нэлээдгүй байна. Мөн аймаг, орон нутагт дээд сургуулийн салбар нэртэй хоёр гурван багштай газар ч байгаа. Иймд дээд боловсролыг бизнес болгож байгааг зогсоовол яасан юм бэ. Олон сая хүн амтай европын улс оронд гарын таван хуруунд багтах их дээд сургууль байдаг. Заавал дээд боловсрол эзэмших шаардлага байна уу. Амьдралдаа хэрэг болох мэргэшил олж авахын оронд чанаргүй диплом олж авах гэж хайран цаг хугацаагаа алдаж байгаад анхаарах хэрэгтэй” гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, “ Дээд боловсролыг нухчин дарах, хориглох талаас нь явмааргүй байна. Харин олон хүн дээд боловсролд хамрагдахын хирээр сургалтыг чанартай болгох асуудалд анхаарах шаардлагатай. Хүний сурч боловсрох, суралцах сургуулиа сонгох сонголтыг үгүйсгэж болохгүй. Хувийн бизнес муу байна гээд тэднийг шахаж бас болохгүй. Төрийн өмчийн дээд сургуулиуд хүссэн түвшинд хүрээгүй нь тэнд ажиллагсдад хангалттай цалин өгөөгүйтэй холбоотой. Дээд боловсролыг хариуцсан агентлаг, судалгааны газар өнөөдөр байхгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яаманд энэ асуудлыг хариуцсан найман хүн ажиллаж байгаа нь учир дутагдалтай байгаа. Цаашид дээд боловсролд үзүүлэх үйлчилгээ, хяналтыг сайжруулах шаардлага байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулав. Эцэст нь Байнгын хорооны санал, дүгнэлт болон дэмжигдсэн саналуудыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж