“Хүчит шонхор” зах түрээсээ дөрөв дахин нэмжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор” зах түрээсээ дөрөв дахин нэмжээ

“Хүчит шонхор” худалдааны төвийн махны бөөний павьлон түрээслэгчдийн түрээсийг тус захын удирдлагууд одоо байгаа түрээсээс дөрөв дахин нэмэгдүүлсэн талаарх мэдээллийг өнөөдөр  Монголын үйлдвэрчний эвлэлийн мэдээллийн танхимд түрээслэгчид мэдээлэл хийлээ.

Мах бөөнөөр худалдаалдаг павьлионы ажлын байрны түрээсийг дөрөв дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгосон. Түрээсийн төлбөрийг төлөхгүй гэсэн хүмүүсийг гаргаж оронд нь өөр түрээслэгчдийг оруулж байгаа гэнэ. Мөн 750 мянган төгрөг төлсөн түрээслэгч нарыг бүрэн төлөөгүй /1 сая/ хугацаандаа түрээсээ төлсөнгүй, дутуу төлсөн гэсэн шалтгаанаар нэг сарын түрээсийг нэг сая 500 мянган төгрөг болгож нэмсэн гэнэ. Түрээслэгч нар лангуугаа алдахгүйн тулд нэхсэн нэг сая 500 мянган төгрөгийг нь төлсөн, төлж чадахгүй түрээслэгчдийг ажиллуулахгүй хэмээн лангууг нь лацадсан байна.

“Түрээсийн төлбөрийг ингэж эрс нэмэгдүүлнэ гэдэг бол зөвхөн тэр түрээслэгчийн асуудал биш юм. Үүний цаана мах махан бүтээгдэхүүний үнийг өсөлтийн асуудал ч урган гарна. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга нарт бичгээр болон амаар мэдэгдсэн. Заримаас нь хариу хүлээж байна. Өчигдөр/05.21/ л гэхэд ШӨХТГ-т албан ёсны бичгээр мэдэгдсэн бөгөөд хараахан хариу ирээгүй байна. Хэрэв түрээсийн төлбөрийг буулгахгүй бол авах арга хэмжээ олон байгаа” хэмээн хувийн ҮЭХ-ны дарга Г.Дүгэрээ хэлж байсан юм.

Тус захын удирдлагууд түрээслэгчиддээ “түрээсээ төл,  төлж чадахгүй бол ард чинь түрээслэх хүн олон байна” гэж хэлдэг аж. Энэ мэт асуудал нь зүйд нийцэхгүй асуудал гэж үзэж МҮЭХ-оос Хүний эрхийн үндэсний коммисд хандсан тухайгаа онцоллоо.

Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” захын түрээслэгчдээс дөрвөн түрээслэгч лангуугаа алдаад байгаа гэв.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж