Нара: Ээждээ хааяа зэмлүүлэх болсон

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Нара: Ээждээ хааяа зэмлүүлэх болсон

Нара: Гоёл чимэглэлд их мөнгө  зарцууллаа гэж
ээждээ зэмлүүлэх болсон


“Дэгжин” энэ удаа дуучин  Нараг онцоллоо. Өөрийн гэсэн имиж, дэгжирхэх дуртай энэ бүсгүйн гоёл чимэглэлийг хамтдаа сонжих бололцоог уншигч танд олгож байна.


-Урлагийн бүсгүйчүүд моод тодорхойлдог бичигдээгүй хууль бий. Та тэдний нэг байж чаддаг уу?

-Ганц Монголд бус, дэлхийн аль ч улсад урлагийнхан нь хамгийн ганган хүмүүс байдаг. Тэд бэл бэнчинтэйдээ бус өөрийг нь шүтдэг, сонсдог фэнүүдээ хүндэтгэсэндээ гоё сайхан харагдахыг хичээдэг. Би тэдний л нэг.

-Та ямар гоёл зүүсгэлээр бусдаасаа ялгардаг вэ?

-Надад тийм онцгой, содон зүйл байхгүй. Би урлагийн тайзан дээр хөл тавихаасаа өмнө л гоёл чимэглэлд дуртай, энд тэнд явахдаа ээмэг зүүлтэд мөнгөө үрчихдэг  байсан. Дуучин болсноосоо хойш улам ихээр хорхойсох болсон. Тийм болохоор гоёл чимэглэлээрээ бусдаас илүү байх. Гэхдээ урлагийнхан дотор над шиг хүн олон байгаа.

-Танд ээмэг, зүүлтээс гадна маш олон төрлийн цуглуулга байдаг гэж дуулсан?

-Яг цуглуулъя гэж цуглуулсан юм биш л дээ. Хэрэглэх гэж худалдаж авсаар нэг л мэдэхэд цуглуулга гэж хэлэгдэх хэм­жээнд хүрсэн. Гоёлын даашинз, үнэртэй ус, бугуйн цаг, бүс, нүдний шил олонтой. Энэ бүхнийг ажлын шаардлагаар худалдан авдаг ч, заримыг нь зүгээр л таалагдаад авсан байх жишээтэй.

-Танд өнөөдрийн байдлаар хэрэглэж байгаа хэчнээн сүрчиг байгаа вэ?

-70 гаруй бий. Channel, Jadori-ийн сүрчиг ихэвчлэн хэрэглэдэг.

-Өдөр бүр өөр үнэртэн хэрэглэдэг гэсэн үг үү?

-Нүдний шил, үнэртэй ус хоёрыг өмсөх хувцас, оролцох арга хэмжээндээ тохируулан сонгодог. Бугуйн цагны арвин цуглуулгатай ч “хайртай” цагаа бараг байнга зүүдэг. Харин тэлээ огт зүүдэггүй. Тэгсэн хэрнээ ямар нэгэн шаардлагаар авсаар байгаад нэлээд хэдэн бүстэй болчихсон.

-Хамгийн “хайртай” гэж тодотгосон бугуйн цагныхаа талаар ярихгүй юу. Хайртай хүн чинь бэлэглэсэн юм уу, эсвэл тийм үнэтэй цаг уу?

-Хэн нэгнээс бэлгэнд аваагүй, өөрөө худалдаж авсан. Надад хүмүүс гоёл чимэглэл бэлэглэдэггүй. Bvlgari брэндийнх. Хэдэн жилийн өмнө Японд 580 мянган иенээр авч байсан. Зүүчихсэн байхад хээнцэр, цэмцгэр харагдах атлаа гарт эвтэйхэн байдаг юм.

-Та ямар брэндийг чухалчилдаг вэ?

-Gucci, Channel, Bvlgari, Swarowski, Zara, Versage.

-Гоёлоо хаанаас авдаг вэ?

-Би томоохон брэндийн гоёлуудаа гадаадаас худалдан авдаг байсан. Одоо Монголоосоо ч авдаг болсон. Дэлхийн брэндүүд Монголд салбараа нээгээд сайхан болчихлоо.

-Брэндээр гоёхоор бага биш мөнгө зарах хэрэгтэй болдог байх.

-Эмэгтэй хүний шунал гэхээр өөрийгөө гутаачих гээд. Ажлын шаардлагаар гэхээр өөрийгөө өмөөрсөн болох гээд байх юм. Ямартай ч таалагдсан зүйлдээ хэзээ ч гар татаж байгаагүй. Сүүлийн үед ээж минь “Энэ их зүйлд ямар их мөнгө зарцуулаа бол” гээд загнах болсон /инээв/. Гэхдээ би өдөр тутмын хэрэглээндээ гоё мөртлөө чанартай зүйлийг чухалчилдаг. Чанартай гэдэгт брэндүүд багтана. Харин гоёлд хээнцэр чаминг нь чухалчилна уу гэхээс үнэ, чанарыг илүүд үздэггүй.

-Хамгийн үнэтэй үнэртэй ус, нүдний шил, гоёл чимэглэлээсээ уншигчдад танилцуулахгүй юу?

-Эдлэлээ гайхуулж байгаа жаахан хүүхэд биш  дээ, хэрэггүй байх. Хүмүүс угаасаа нэг үеэ бодвол брэндийн бүтээгдэхүүн сонгодог болсон. Брэндийн үнэртэй ус, нүдний шил  ямар үнэтэй байдгийг мэдэж байгаа  шүү дээ.

М.УЯНГА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж