Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Бразилийн гялалзаж буй од, Рональдо, Рональдиньог залгамжлах дараагийн хөлбөмбөгч хэмээн яригдаж байгаа Неймар Испанийг зорихоор боллоо. Тэр дундаа өнөө цагийн шилдэг клуб гэгдэж буй “Барселона”-д. Бразилийн дээд лигийн “Сантос” багт есөн жилийг үдэж, гайхалтай амжилт гаргасан түүнийг Европын “томчууд” ажиглаж байсан нь маргашгүй үнэн. Зарим нь түүнийг Английн Премьер лигийг сонирхож байгаа гэж ярьцгааж байсан бол бүр зарим нь Пеп Гуардиолагийн шинэ бай ч гэж ярьж байлаа. Энэ бүх яриа, маргааныг таслан тэрээр Каталоны багт хүч нэмэхээр болсон нь энэ. Монголын цагаар өнөөдөр шөнө дунд “Барса”-тай албан ёсоор гэрээгээ үзэглэнэ.

Анхаарал татахаас өмнө

Неймар Да Сильва Сантос Жуниор нь хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн. Түүний аав нь орон нутгийн нэгэн клубт Неймар Да Сильва нэрээр тоглож байжээ. Тиймээс аав нь түүний амжилтыг олж нээсэн гэдэг. “Гурван настай байхдаа бөмбөг хөөгөөд явж байсныг нь санадаг. Жаахан мэдээ ороод дөрөв, таван насандаа бусад хүүхдүүдээс нэг л өөр байсан. Тиймээс би хөлбөмбөгийн клубт өгч замналыг нь эхлүүлэхээр шийдсэн. Би түүнийг заавал хөлбөмбөгчин бол гэж ятгаагүй шүү дээ. Өөрөө үүндээ их дуртай байсан” гэж түүний аав Неймар Да Сильва ярьжээ. Энэ цагаас хойш футзалаар хичээллэх болж, гудамжинд найзуудтайгаа хөлбөмбөг тоглож эхэлсэн гэдэг. 1999 онд түүнийг найман нас хүрмэгц Сантос хотын нэгэн сонирхогчийн багт хөлбөмбөг сургах зорилгоор оруулсан байна. Энэ багийг Португеса Сантиста гэдэг байлаа. Бразилийн сонирхогчийн лигт тогтмол амжилттай тоглодог энэ багт тэрээр хөлбөмбөгийн цагаан толгойг заалгажээ.
 
Бразилийн тэргүүн лигт тоглодог “Сантос” клуб түүнийг 2002 оноос эхлэн эрчимтэй сонирхож эхэлсэн. Түүнийг тоглолт, бэлтгэл дээр “Сантос” клубын төлөөлөгч заавал ирж суудаг байлаа. Ийнхүү ихэд хөөцөлдсөний эцэст, түүний аавын оролцоотойгоор Неймарыг 2003 онд эгнээндээ нэгтгэж чаджээ. Энэ үед тэрээр дөнгөж 12 нас хүрээд байлаа. Гэхдээ тэрээр Сантос клубын идэрчүүдийн багт элссэн юм. Идэрчүүдийн багт маш амжилттай байсныг нь харгалзан үзэн Сантос багийн удирдлагууд урамшууллын цалин санал болгож байлаа. Түүнд долоо хоногийн 10 мянган рейасын цалин өгдөг байсан гэдэг. 15 насандаа тэрээр гэр бүлээ аваад явчих хэмжээний мөнгөн орлого олж эхлэв. Үүнээс хоёрхон жилийн дараа тэрээр сард 16 сая рейасын цалин авдаг болж, Сантосын хамгийн залуу, хамгийн орлоготой тамирчин болж чаджээ. Түүнийг Сантосын идэрчүүдийн клубт тоглодог байхад нь Коринтианс болоод Фламенго клубууд ч сонирхож, чамгүй мөнгөн дүн санал болгож байлаа. Гэхдээ Сантосын удирдлага болоод Неймар өөрөө явахыг хүсээгүй юм.

Идэрчүүдий Сантос клубт тоглож байхдаа л 16 сая рейасын цалинтай байсан тэрээр 2009 онд 18 насандаа мэргэжлийн гэрээ байгуулж, авдаг байсан цалингаа нэг дахин өсгөж чадав. Мэргэжлийн гэрээ байгуулахыг бүх Бразил даяар чих тавин хүлээж байлаа. Түүнийг байгуулмагц алдарт Рексона гоо сайхны бүтээгдэхүүнээ Бразилаар сурталчилуулахаар болов.

Шинэ од Неймар

Түүнийг мэргэжлийн гэрээ байгуулахад Пеле, Роберто Карлос, Кафу, Пепе нар өөрийн биеэр очиж баяр хүргэж байв. Мөн түүний гайхалтай ирээдүйн талаар орон нутгийн хэвлэлүүдэд ярилцлага өгч байсныг тэмдэглэх хэрэгтэй. Сантостай гэрээ байгуулахаас урьд Реал Мадрид тэднээс өрсөх гэж байсан гэдэг. Реалын спортын мэргэжилтнүүд түүний гэрт очин ятгаж, гэрээнд гарын үсэг зуруулах гэж хичээж байжээ. Гэтэл түүний аав эрс дургүйцэж, Сантостай албан ёсоор холбоо барь гээд Сантосын оффис руу явуулсан байна. Тухайн үед Реал чамгүй мөнгөн дүн санал болгосон ч Сантосчууд санал болгосон үнэн дээрээ 10 саяыг нэм гэсэн санал тавьснаар Реал арга буюу нутаг буцжээ. Угаасаа ямар ч том баг гялалзаж амжаагүй байгаа тоглогчийн төлөө ийм их хэмжээний мөнгө төлж, эрсдэлтэй алхам хийхийг хүсэхгүй.

2009 оны гуравдугаар сарын 7. Бразилийн тэргүүн лигт дебют тоглолтоо Неймар Да Сильва Сантос Жуниор хийлээ. Оестэтэй хийсэн тоглолтод гоол оруулж чадаагүй ч гоолын оролдлого, бөмбөгний төлөөх тэмцэл, биеийн хүчний тоглолт зэрэг нь 17 настай гэж хэлэхээргүй байлаа. Дараагийн долоо хоногт болсон тоглолтод тэрээр лигт анхны гоолоо Моги Мирим багийн эсрэг оруулжээ. Үүнээс хойш түүнийг Бразил даяар харж, хүлээдэг болов. Сантосын шүтэн бишригчдийн хайрыг тэр хормын төдийд татаж, тус багийн хуучин гишүүдтэй адил нэр хүндтэй болсон юм. Зарим үед түүнийг бусдаас илүү нэр хүндтэй гэж хэлж болохоор байв. Түүний эхний улирал үнэхээр гайхалтай өнгөрсөн. Неймар анхныхаа улиралд 48 тоглолтод оролцон 14 гоол оруулсан юм.

Европ дахин түүний төлөө

Гайхалтай өнгөрсөн эхний улиралын дараагаар түүнийг европийн клубууд сонирхож, өөрийн багтаа тоглуулахыг хүсч эхэллээ. 2010 оны улиралд Паулистагийн цомд 19 тоглолтод, 14 гоол оруулж, томчуудын шүлсийг улам гоожуулах болов. Улиралын дундуур премьер лигийн хоёр баг түүний төлөө өндөр үнэ амлав. Вест Хэм Юнайтедчүүд түүнд 15 сая фунтын санал тавьсан бол Челси түүний төлөө 20 саяыг амлаж байлаа. Энэ үед тэрээр өөрийн цалинг дахин нэг саяар нэмэх саналыг Сантост тавьсанаар түүний цалин гурван сая рейасаар нэмэгдсэн билээ.

     Энэ улиралд тэрээр мөн л гайхалтай байсан. Түүний тааварлахын аргагүй тоглолт, бөмбөгний төлөөх тэмцэл, бөмбөг эзэмших чадвар. Дээрээс нь нэмээд латин америкчуудын бүжиглэх мэт тоглолт. Бразилийн лигт түүнийг “барах” хүнгүй мэт болов. 2010 оны улиралд тэрээр 60 тоглолтод 42 гоол оруулсан билээ. Энэ улиралд тэрээр Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчний шагналд нэр дэвшин гуравдугаар байранд орсон билээ. Дөнгөж 19 настай тамирчны хувьд энэ бол гайхалтай амжилт байсан нь тодорхой.

Амжилт ихтэй хоёр дахь улирлын дараа томоохон багууд анхаарлаа хандуулж эхэлсэн. Челси дээр нэмэгдээд Манчестерийн хоёр баг, Италийн Милан болоод Ювентус багууд түүний төлөө санал тавьж эхлэв. Гэхдээ маш их мөнгийг мэдээж Араб эзэн Ситизенчүүд тавьсан нь тодорхой. Энэ удаад тэдний саналыг Неймар өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Сантос ч дурамжхан байсан. Тэртээ тэргүй Бразилдаа чамгүй ашиг олж байгаа тэр их мөнгөний төлөө яарах шаардлага байгаагүй.

2011 оны улиралд тэрээр клубуудын дэлхийн аваргад Мессигийн эсрэг тоглосон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Сантос ч муугүй тоглосон. Түүний ур чадварыг дэлхий нийт маш анхааралтай ажиглаж, магадгүй ур чадварыг өмнөхөөс нь илүү мэдэрсэн байж болох. Өмнөд Америкийн аваргуудын лигийн тэмцээнд анх удаа оролцсон Неймар зургаан гоол оруулж Өмнөд Америк даяар шуугиан тарив. Яг энэ улиралд Реал санал тавьсан ч Неймар болоод Сантосчууд хүлээж аваагүй. Тэр жилдээ клубуудын дэлхийн аваргад гайхалтай тоглосон Неймарт Пушкашын нэрэмжит шагналыг ФИФА-гаас гардуулсан билээ. Дараагийн улирал нь түүний карьерынхаа туршид оруулсан 100 дахь гоолоо өлгийдөх жил байсан билээ. Паулистагийн цомд тэрээр 20 гоол оруулсан бол Бразилийн тэргүүн лигийг гайхалтай амжилттай дуусгаж, ялалт байгуулсан. Өмнөд Америкийн аваргуудын лигт тэр 8 гоол оруулсан билээ. Энэ улиралдаа тэрээр Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон юм.

Нэр алдарт хүрэхийн хэрээр түүнийг оддын өвчин тойрч гарсангүй. Өөрийнхөө үерхдэг байсан охиныг зодсон хэрэгт буруутгагдаад байсан ч тэр бүр нотлогдоогүй. Гэхдээ олон нийт түүнийг Рональду шиг болж байна гэж шүүмжилдэг ч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. “Миний насны залуус амжилтанд хүрэхээрээ яадгыг би мэдэхгүй. Гэхдээ надад их зан гаргаж, зунгаацаж цэнгэх зав байхгүй. Би дараагийн амжилтандаа хүрэхийн тулд хичээж байгаа. Хэрвээ би бүх мөрөөдлөө биелүүлчихвэл зугаацаж болно шүү дээ” гэж Неймар ярьж байжээ. Гэхдээ түүнийг Бразилийн хэвлэлийнхэн хөлбөмбөгийн Жастин Бибер хэмээн нэрлэх дуртай.

Неймар.
Барселона клубын шинэ цэрэг. Барселонагийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр тэрээр 11 дугаарыг эзэмших ажээ. Бразилд тэрээр 225 тоглолтод 136 гоол оруулаад амжжээ. Шигшээ багийнхаа хамтаар 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцож аман хүзүүдсэн юм. Тэрээр одоогийн байдлаар шигшээ багийнхаа төлөө 32 тоглолтод 20 гоол оруулаад байна.

Неймарын гаргасан амжилт:

"Сантос" клуб:

Паулистагийн цом: 2010, 2011, 2012
Бразилийн цом: 2010
Копа Либертадорис: 2011
Сабамерикийн цом: 2012

Бразилийн шигшээ баг:

Өмнөд Америкийн идэрчүүдийн дэлхийн аварга: 2011
Лондонгийн олимпийн мөнгөн медаль: 2012
Америкийн суперклассик цом: 2011, 2012

Хувийн амжилт:

Паулистагийн цомын шилдэг залуу хөлбөмбөгч: 2009
Паулистагийн цомын шилдэг довтлогч: 2010, 2011, 2012
Шилдэг залуу хөлбөмбөгч: 2011
Бразилийн лигийн шилдэг тоглогч: 2011
Пушкашийн нэрэмжит шагналл: 2012
Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгч: 2011, 2012
Бусад шагналууд нийт 35

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж